Өнөөдөр 2015 оны хоёрдугаар сарын 10. Энэ гэрэлт өдөр монголын гурван яруу найрагч мэндэлсэн юм. Он дарааллаас нь эхлэвэл тэртээ 1936 оны энэ өдөр Хэнтий аймгийн Дархан суманд эцэг Рэнчин, ээж Рэгзэнгийн хүү болж нэрт яруу найрагч Чойном мэндэлсэн ажгуу. Түүнд анх Чойномусурияа гэдэг нэр өгсөн ч хожим 1951 онд нэрээ Чойном болгон товчилжээ.
Тэрээр дунд сургуулийн 6-р ангиасаа өвчний улмаас сургуулиасаа гарсан байгалиас заяасан сод авьяас, билэг оюунаараа хэзээ баларшгүй түүхээ бүтээсэн юм. Орос, казак, төвд хэлийг бие даан сурч, зураг зурж, баримал барьж, сийлбэр сийлж, хөгжим зохиож, хамгийн гол тэрээр утга зохиол бичиж байлаа. Нэг биед баймгүй энэ их авьяасаасаа болж олон жил гадуурхагдан амьдарч байсан юм. Харин түүний бичсэн шүлэг бүрт нь улс төрийн хэрэг үүсгэн нийт 22 удаа байцаасны эцэст 1970 оны дөрөвдүгээр сарын 1-нд яруу найрагчийн дээлийг нь нөмрүүлж, Дорноговь аймгийн Хажуу-Улааны чанга дэглэмтэй шоронд хүргэжээ. Р.Чойном улс төрийн гэмт хэрэгтэн гэсэн нэрийн дор шоронд дөрвөн жилийг өнгөрөөсөн ч 1978 он хүртэл таван жил нутаг заагдан амьдарч байжээ.
Түүнд 1990 онд Монгол Улсын төрийн шагналыг нэхэн олгосон юм.
…Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны мөн энэ өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд мэндэлжээ. Тэрээр Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн бөгөөд “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн яруу найрагч байлаа. Яруу найрагчдаа жинхэнэ яруу найрагч байж. Тэрбээр Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байсан бөгөөд төрөлх нутгаасаа УИХ-д сонгогдон эх орон, газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо илэрхийлж байсан юм. О.Дашбалбар нь 1999 онд зуурдаар нас барсан юм.
Ийнхүү монголын сор болсон билэгт хоёр хүү он жилийн зөрүүтэй ч энэ өдөр мэндэлсэн нь хувь тавилан, од гаригсийн ивээл гэлтэй. Монгол эх орон, монголын ард түмэн яруу найрагч Р.Чойномгүй 36, цогтой эх оронч О.Дашбалбаргүй 16 төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрөөж байна.
…Гэсэн хэдий ч цаг хугацааны гэрэлт зөргөөр шүлэг хэлхэн алхагч, эх орон газар шорооныхоо төлөө тэмцэгч төрөн гарсаар байх ажгуу.
Т.ДАРХАН