Багануур 100 сая тонн нүүрс олборложээ

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Багануур 100 сая тонн нүүрс олборложээ

Монгол Улсын гал голомтыг манаж, улаанбаатарчуудад гэрэл гэгээтэй, халуун дулаан амьдрал бэлэглэж байгаа Багануурын уурхай нээгдсэнээс хойш 37 дахь жилийнхээ эхлэл дээр 100 сая тонн нүүрсээ олборлох түүхэн үйл явдал өчигдөр тохиолоо. Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарын хувьд түүхэн амжилт гэж тодотгож болно.

Нийслэлээс хэдхэн километрын цаана байрлах, газрын хэвлийн доороо 600 сая тонн нүүрсний нөөцтэй, Багануурын уурхай нь манай улсын эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг стратегийн ач холбогдолтой чухал орд юм.

Энэ ордыг түшиглэн Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Багануур” хувьцаат компанийг байгуулсан бөгөөд 75 хувийг нь “Эрдэнэс MGL”, 25 хувийг нь иргэд эзэмшдэг аж.

Жавар хайрсан өвлийн өдрөөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлон ачуулж байгаа түүхэн үйл явдлаа тэмдэглэх уурхайчид сэтгэл тун өндөр байгаа нь илэрхий. Ямар сайндаа л компанийн гүйцэтгэх захирал уурхайчиддаа хандан “Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Энэ бол бидний бахархам, бахдам амжилт” гэдгээ онцолсон юм.

Өвлийн ид ачааллын цагтаа 300 вагон нүүрс гаргадаг Багануур компанийнхан бахдам амжилтаа тэмдэглэхийн сацуу үүсч байгаа асуудлаа ч нуугаагүй.

 Олон жилийн турш нийгмийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн тус компанийнхан “Бид ийм сургууль, цэцэрлэг, сумын эмнэлэг барилаа” хэмээн шоудаж үзээгүйгээ тодотгов.  Ашиггүй, алдагдалтай ажилладаг мөртлөө ч  улс орноо гэрэл цахилгаантай, дулаахан тохилог амьдрах  орчин нөхцөлийг нь бүрдүүлэхийн  төлөө зүтгэж байгаа Багануурын  уурхайн нийгмийн үүрэг хариуцлагын тухай энд дурдах нь илүүц биз.

Гэвч, мэдээж ажиллагчдын цалин хөлс, нийгмийн ахуй халамжийг бүрдүүлэхийн тулд тус компани хөрөнгө оруулалт чухал. Тэгээд ч 600 сая тоон нөөцийнхөө дөнгөж 100 саяыг нь ашиглаж байгаа тус уурхайн Монгол Улсын эдийн засаг, хөгжилд үзүүлэх үр ашгийг нь тооцвол олон оронтой мөнгөн дүнгээр ярих биз.  Нэг тонн нүүрснээсээ долоон төгрөгийн алдагдал хүлээдэг тус уурхайд зовлон их байна. Учир нь хэрэглэсэн нүүрснийхээ мөнгийг Цахилгаан станцууд өгөхгүй луу унжих нь элбэг. Үүнээс болоод ажилчдынхөө цалин мөнгийг тавихад хүртэл хүндрэл гардаг аж. Аргаа ядахдаа арилжааны банкнаас хүүтэй мөнгө зээлэн цалингаа тавих үе байдаг талаар Багануур компанийнхан ярьж байна.

 Монголчуудын амьдрал дорой,  цахилгаан, эрчим хүчний үнийг чөлөөлөх боломжгүй.  Тиймээс Засгийн газар тус компанийн алдагдлыг тодорхой хэмжээгээр хүлээдэг.  Багануурынхан ч бид ашиггүй ажиллаж байна гээд зүгээр суусангүй. Сүүлийн хоёр жилд техник, технологио сайжруулах талаар багагүй анхаарчээ. Цаашдаа уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон нь өнгөрсөн жил гэхэд хэд хэдэн ДЦС-уудад өргөтгөл хийсэнтэй холбоотой аж.  Багануур ХК ирээдүйнхээ чиг хандлагыг шинжлэх ухаан технологийн дэвшлийг ашиглаж хаягдал багатай, үр ашиг өндөртэй, компанийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын шинэ байр бий болгоход анхаарал хандуулж байгаагаа дуулгав. Тиймээс техник технологийн тал дээр гадаадын хөрөнгө оруулагчидттай хамтрах, баяжуулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаагаа компанийн захирал М.Отгонбаяртай уулзах үеэр онцолсон.

Багануурын уурхайд давуу тал олон. Улаанбаатар хоттой ойрхон. Тийм учраас энэ уурхайг түшиглэн Багануур станц барьчихвал  Монголын эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт болж чадахаар ч юм шиг.  Ус, нөөцийн хувьд хангалттай. Ядаж л үнсээ булчих газар бий. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл ийм боломж эрчим хүчний салбарт байгааг үе, үеийн эрх баригчид, эрчим хүчний сайдууд олж харахгүй байгаа нь хачирхалтай. Энэхүү уурхайг дагасан эрчим хүчний хөгжлийн бүс бий болговол Монголын эдийн засагт багагүй ашиг авчирах гарцаагүй юм. 

Хөрс хуулалтад конверийн систем нэвтрүүлэх, хайрга боловсруулах,  нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нь хийсэн бөгөөд баяжуулах үйлдвэр барих ажлыг төр жаахан дэмжээд өгчихвөл тус уурхайн эдийн засгийн үр ашиг нь ч өсөхөөр байгаа гэнэ.  Энэ үйлдвэрийг баривал жилдээ нэг сая  тонн нүүрс баяжуулах боломжтой аж.  Түүнчлэн Хэрлэн голын эрэг, дүүрэг, уурхайн орчимд мод тарьж эхэлсэн бөгөөд залуу ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах талаар компанийн зүгээс багагүй анхаарал тавьдаг юм байна.

Ийнхүү түүхэн амжилтаар сар шинээ угтаж байгаа тус хамт олон д цаашдаа хийх ажил их байгаа бололтой.

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж