Үүц газруудыг олгож дууссан уу?

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Үүц газруудыг олгож дууссан уу?

Монгол орны газар нутгийн 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг Ашигт малтмалын газар /АМГ/-аас цахимаар олгож байгаа.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн цахим бүртгэлээр 536 аж ахуй нэгж VPN төхөөрөмж авч, 458 нь системд нэвтрэх эрх авснаас өнөөдрийн байдлаар 210 нь дугаар авчээ.

Эдгээр аж ахуй нэгж, байгууллагын өргөдлийг АМГ-аас нэгж, солбилцлоо зөв оруулсан эсэхийг шүүж нягтлан, асуудал үүсээгүй байгууллагуудын харъяа аймгийн Засаг даргын саналыг авахаар шилжүүлэх юм.

Хэрэв аймгийн Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллага улсад гурван сая төгрөг тушааж лицензээ эзэмших бүрэн эрхтэй болох юм. Өнгөрсөн дөрвөн удаагийн цахим олголтын үеэр “Систем гацсан, алдаа заасан, бүртгэлийг хүчингүй болгосон” зэрэг гомдлыг лиценз хүсэгчдийн зүгээс тавьж, тус газарт гомдол гаргаад байгаа.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон лицензийн цахим дугаар олголтод гарч буй өөрчлөлтүүдийн талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Баруун зүгийн үүц газруудыг олгоод дуусч байгаа юу?

“Социализмын үед судлагдсан, нөөцөнд байсан талбайнуудыг бараг л булхайгаар олгоод дууслаа. Геологчид өмнөх дугаар авсан компаниудын авсан талбайг илэрц сайтай улсын нөөцөнд байсан талбай гэж байсан. Монгол Улсын баруун зүгийн нутгийн лиценз олголт дуусахаар зүүн зүгт өгч эхлэх юм гэсэн. Үнэндээ одоо маргаан үүсгээд байгаа баруун хэсэгт нөөц сайтай жинхэнэ үүц тайлбайнууд байсан юмсан” гэж лиценз хүсэгчид мэдэгдэж байгаа.

Тэдний тайлбарлаж буйгаар нутгийн баруун хагасын багагүй нөөцтэй орд газруудыг олгоод дуусч байгаа гэх. Энэ асуудлыг АМГ-ын Кадастрийн хэлтийнхэн үгүйсгэж,

“Нийт 20.9 сая гектар талбай олгогдохоор зарлагдсанаас Монгол орны баруун талд есөн сая гектар, зүүн талд 11.9 сая гектар талбайг олгоно. Яг өнөөдрийн байдлаар баруун зүгийн есөн сая гектар талбайгаас 900 мянган гектар нь олгогдоод байгаа. Үлдсэн талбай хэзээ олгогдож дуусах нь тодорхойгүй байна” гэсэн юм.

Мөн албаныхны тайлбарлаж буйгаар нутгийн зүүн хэсгийн орд газрууд ч баруун зүгтэй мөн адил ашиг, өгөөж ихтэй орд газрууд байгаа гэнэ.

Цахим системийг сайжруулжээ

Лиценз хүсэгчид дугаар олгосон өдөр бүр АМГ-ын үүдэнд цугларч дугаар авахад үүссэн хүндрэл бэрхшээлийг тоочин, гомдол гаргаж байсан бол өчигдөр /02.09/ дээрх асуудал үүсээгүй гэнэ.

Учир нь АМГ-ын инженерүүд болон тус цахим системийн ажилтнууд Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газрынхны хяналтанд ажиллаж, тус системд багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийжээ. Тодруулбал, аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн удаа дараагийн санал хүсэлтийг үндэслэн өнжөөд 30 дугаар олгодог байсныг 120 болгохоор зохицуулсан гэнэ. Ингэсээр долоо хоног бүрийн даваа гаригт 120 дугаар олгож, ажлын бусад дөрөв хоногт өргөдөл хүлээн авч, хянан үзэж эхэлсэн гэсэн үг.

Мөн аймаг, сум, планшетийн кодыг сонгож оруулахад хүндрэлтэй байна, цаг алдаж байна гэсэн хүсэлтийг харгалзан кодыг шууд шивж оруулдаг болгосон байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж