Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан билээ. Тэд өчигдөр /2018.11.11/ Тайванийн Тайпей хотод Хойд Солонгосын багтай тоглож, 4:1-ээр хожигдлоо. Монгол Улсын шигшээ багийн тоглогчдоос Н.Наранболд нэг гоол оруулсан бөгөөд түүний хувьд Хойд Солонгосын багийн хаалганд гоол оруулсан гурав дахь тоглогч боллоо. Өмнө нь шигшээ багийн домогт тоглогч Д.Лүмбэнгарав, С.Одхүү нар гоол оруулж байв.
Дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан шигшээ багийн залуус арваннэгдүгээр сарын 13-д талбайн эзэн Тайванийн багтай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх Баасан гаригт /2018.11.16/ Хонгконгийн багтай хийх юм.
Энэ хэсгээс зөвхөн нэг баг шигшээ тоглолтод өрсөлдөх эрхийг авах бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан Ази тивийн топ багуудын нэг Хойд Солонгосын залуус үлдэх магадлал өндөр боллоо. Өмнө нь тус тэмцээнээс 2005, 2015 онд хүрэл, 2008, 2017 онуудад дөрөвдүгээр байрт орж байсан Хойд солонгосчууд Монголын багийг хожиж, эхний оноогоо авлаа. Мөн Хонгконгийн шигшээ баг Тайванийг 2:1-ээр хожжээ.
Зүүн ААШТ-ий II тойрог:
- Хойд Солонгос – 3 оноо
- Хонгконг – 3 оноо
- Тайвань – 0 оноо
- Монгол – 0 оноо
Хойд Солонгос – Монгол 4:1
Тайвань – Хонгконг 1:2
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхийг өнгөрөгч есдүгээр сард авсан юм. Тодруулбал, Улаанбаатарт болсон урьдчилсан шатны тоглолтод Макао /4:1/, Умард Марианы арлуудын багуудыг /9:0/ хожиж, Гуамтай тэнцсэнээр /1:1/ хэсгээ тэргүүлэн Хойд Солонгос, Тайвань, Хонгконгийн багуудтай өрсөлдөх эрхтэй болсон.
Монгол, Хойд Солонгосын тоглолтын 74 дэх минутад Н.Наранболд гоол орууллаа. 2018.11.11 Тайвань
Холбоотой мэдээ