Эпилепс өвчний эсрэг өдрийн хүрээнд өдөрлөг зохиогдлоо. Энэ өвчин нь тархины хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсч, ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг. Монголд 13000 хүн унаж татах өвчтэй хэмээн бүртгэгдсэн байдаг байна.
Эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах тохиолдол цөөнгүй гардаг тухай энэхүү өдөрлөгт ирсэн иргэд ярьж байлаа.
Иргэн Ц.Уянга "Манай хүүхэд төрөлтийн бүтэлтийн улмаас татах өвчтэй болсон. Одоо есөн настай жирийн сургуульд явуулья гэхээр авахгүй юм. Эпилепстэй боллоо гэдэг чинь тахир дутуу болчихлоо гэсэн үг биш шүү дээ. Ийм өвчтэй ч амжилтад хүрсэн хүмүүс олон байдаг" гэсэн юм.
Ер нь нийгмийн ихэнх хэсэгт эдгээр хүмүүс гэртээ л байх ёстой ажил, сургуульд явах шаардлага байхгүй гэсэн хандлага их байдаг байна.
Ажил хөдөлмөр эрхлүүлэх тал дээр өвчний улмаас ажлын хариуцлага алдах зэрэг тохиолдол их гарна хэмээн болгоомжилдог гэнэ.
“Энэ нь тэднийг ганцаардмал байдалд оруулж сэтгэл санааны дарамтад оруулдаг. Сэтгэл санаа тайван байвал уг өвчин эдгэрэх магадлал өндөртэй байдаг” гэж эмч нар хэлж байсан юм. Энэхүү өвчнийг Монголд эмийн болон мэс заслын аргаар ангаадаг аж. Эмчилгээг эрчимтэй хийлгэвэл 70-75 хувь нь бүрэн эдгэрдэг байна.
Өдөрлөгийн үеэр “Өнө-Энх” Мэдрэлийн эмнэлэгийн эмч М.Үүрийнтуяагаас хэдэн зүйл тодрууллаа.
Энэ өвчин юунаас болж үүсгэгддэг юм бол?
– Энэ өвчин нь аливаа зүйл дээрээс унах, төрөлтийн бүтэлт зэргээр үүсгэгдэж болдог.
-Өвчний шинж тэмдэг тархинд гэмтэл авснаас олон жилийн дараа илрэх тохиолдол байдаг гэсэн. Олон жил өвчнөө мэдэлгүй явсан хүн эдгэрэх боломжтой юу?
– Мэдээж боломжтой энэ өвчин тухайн хүний биед мэдрэгдсэн цагаас хойш эрчимтэй эмчилгээ явуулсны үр дүнд эдгэрдэг.
-Монголын нөхцөлд энэ өвчнийг ангаахын тулд ямар эм, эмчилгээ хийлгэвэл зүгээр вэ?
– Ер нь бол манай улсад ихэвчлэн эмийн эмчилгээ зонхилдог. Мөн мэс заслын эмчилгээ хийгддэг. Эпилепситэй хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгах аль болох халамжлах тусам өвчин эдгэрэх боломжтой.
Эпилепситэй хүмүүстэй уулзалт зохион байгуулж өвчний талаар мэдээлэл ажиллагааг явуулж байгаа. Үүнээс гадна залуу эмч нарын сургалт сар бүр явагддаг.
Б.АЛТАНГЭРЭЛ