Хайр дурлалын дурсгал “Сарны сонат”

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Хайр дурлалын дурсгал “Сарны сонат”

Сонгодог урлаг сонирхогч

Бетховен судлаачид мөн Сарны сонатыг ийнхүү тайлбарласан байдаг.

ТЭРБЭЭР ЖУЛИА ГВИЧАРДИ ХЭМЭЭХ БҮСГҮЙД ЭНЭ СОНАТАА ЗОРИУЛЖЭЭ.

Людвиг Ван Беховений Төгөлдөр хуурын XIV сонатыг хорвоо ертөнц дээр мэдэхгүй хүн үгүй. Энэ сонатын дэлхий дахинд алдаршсан нэр нь "Сарны сонат" юм. Ертөнцийг бүүвэйлэх мэт санагдах "Сарны сонат" бол Бетховений хайр дурлалын онцгой нэгэн дурсгал ажээ. Тэрбээр өөрийнхөө шавь 17 настай Жулиа Гвичарди хэмээх бүсгүйд гүн гүнзгий дурлаж түүндээ зориулж энэ сонатыг бичсэн бөгөөд тэр нь гүнгийн авхай байжээ.

Бетховен энэ сонатаа 1801 онд бичсэн. Түүний хайр дурлал амьдарч асан нийгмийнх нь хооронд үзэл санааны том ангал, зааг ялгаа, хоосон орон зай байж. Чухам үүний учир Бетховен, Жулиа хоёрын хайр дурлал аз жаргалгүй байжээ. Сарны сонатын эхлэл ер бусын бичилттэй бөгөөд 1832 онд хөгжим судлаач Людвиг Релштаб уг онцлогт зориулан зохиолыг бүхэлд нь "Сарны сонат" гэж нэрлэсэн байна. Тэрбээр сонат хэрхэн эхэлж буйг сонсоод дөнгөж мандаж буй сарны туяа Люцерн нуурын мандалд гялалзан буухтай зүйрлэжээ. Люцерн бол Австрийн хамгийн том дөрвөн нуурын нэг юм. Бетховен сонатынхаа энэ хэсэгт өөрийн зөн мөрөөдлийн ертөнцийг нээхийн хамт хөгжмийн зохиолчийнхоо хувьд хуучны уламжлалт хурдан-удаан-хурдан-хурдан гэх хэмжээсийг дагасангүй. Ингэснээрээ сонатын уламжлалт хэлбэрээс гажсан нь зориудынх бөгөөд сонатыг эвдэх биш баяжуулсан үзэгдэл байв.

Зуу зуун жил хүн төрөлхтний зүрх сэтгэлийг соронздон буй "Сарны сонат"-ын өөртөө татах хүчийг үгээр илэрхийлэмгүй бөгөөд үүний шалтгаан нь сонат бичигдсэн эх сурвалж нь билээ. Бетховений Жулиад дурласан сэтгэл нь ямар ч эргэлзээгүйгээр захидлуудад нь тэмдэгдлэгдэн үлджээ. Тэдгээр халуухан баримтуудаас 1801 оны долдугаар сарын 6-нд Жулиад бичсэн захидал нь хамгийн түгээмэл юм. Уг захидалд Бетховен хайр дурлалдаа хэрхэн шаналж байгаагаа бичжээ. Түүний үгс зүрх сэтгэлийн шаналал ганцаардлыг бүрэн илэрхийлсэн байх аж. Энэ захидалд:

"Миний сахиулсан тэнгэр, бүх л ертөнц, хүсэл зoриг минь!

Бидний хайр дурлал золиосоос өөрөөр байх учиргүй гэж үү? Энэ бүхэн хязгааргүй тэсвэр тэвчээрээс өөрөөр оршсоор байх учиргүй юу? Тэнгэр минь, энэ бүх гоо үзэсгэлэнгийн төрөлх дотоод ертөнц рүү ширтэн харж, хайр дурлалд байх бүх зүйлсийг, бүхий л зөвтгөлийг чимээгүйхэн хүлээн аваач!" хэмээн бичсэн байна. Бетховений "Зөвтгөл" хэмээх энэ үгэнд тухайн үед өрнөж байсан олон үйл явдлын учир шалтгаан нуугдаж байдаг. Тэрбээр энэ захидалдаа ухааршгүй ихээр тэмүүлсэн шаналгаат үгсийг бичээд төгсгөлд нь "Бурхад бидэнд тайтгарлыг илгээх ёстой, тийм л байх учиртай" гэжээ.

Бетховен судлаачид түүнийг Жулиад гэрлэх санал тавьсан, Жулиа ч зөвшөөрсөн гэж үздэг. Харин бүсгүйн эцэг зөвшөөрөөгүй. Эцэг нь Бетховенийг зэрэг дэв, хөрөнгө чинээгүй, инж ч үгүй, бас дээрээс нь хачин этгээд зан араншинтай, үл бүтэх нөхөр гэж үзэн охиноо түүнтэй гэрлэснээр аз жаргалгүй нэгэн болно хэмээн зөвшөөрөөгүй байна. Гэлээ ч гүн хэргэмт Гвиччиардынхан өөрсдөө тийм ч чинээлэг гэр бүл байгаагүй бөгөөд охиныхоо гэрлэлтэд ихэд бодлогтой ханджээ. Эцэст нь Жулиа Бетховентэй гэрлээгүй, гүн Вензел Роберт Голенберг гэгчтэй гэрлэсэн байна. Тэр нь мөн л хөгжмийн зохиолч байв. Жулиад өгсөн Бетховений хайр дурлалыг Дантегийн Беатричед өгсөн хайр дурлалтай зүйрлэм. Харин "Сарны сонат"-ын агуу хүч чадал, Дантегийн "Тэнгэрлиг туульс"-ийн нэгэн адил билээ. "Сарны сонат" буюу Бетховений Төгөлдөр хуурын XIV сонат бичигдсэнээс хойш 214 жил өнгөрөөд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж