Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасах уу, бусад хичээлтэй нэгтгэх нь зөв үү гэсэн олон талт уулзалтыг ЭМСЯ, “Youth LEAD” олон улсын залуучуудын сүлжээ байгууллага, “Зууны мэдээ” сониноос хамтран зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлгийн эхний хэсгийг бид өнгөрөгч Баасан гарагийн дугаартаа нийтэлсэн. Харин энэ удаа зарим байгууллагын байр, суурийг хүргэж байна.
-Хүүхэд, залуусын дунд хийгдсэн эрүүл мэндийн судалгааны дүнг сонирхъё. Өнөөгийн өсвөр насны хүүхдүүдийн дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?
7- 11 ДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДҮҮД ДУНД АРХИ, ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ӨНДӨР БАЙНА
“Youth LEAD” Олон улсын залуучуудын сүлжээний зөвлөх А.Нямдорж:
-Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн талаарх судалгаа мэдээллийн тоймыг танилцуулъя. Энэхүү судалгааг НЭМГ, НЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан гэх мэт байгууллагуудын судалгаанаас авч бэлтгэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Мөн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд маш хүнд тусч байна.
Өсвөр насны хүүхдүүдийн өвчлөлийн шалтгааныг насаар нь авч үзэхэд тэргүүлэх шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин байна. Энэ нь мэдээж, эрүүл мэндийн дадал зуршилтай холбоотой.
Жишээ нь, өглөөний цайгаа уудаггүй, шүдээ тогтмол угаадаггүй. Мөн хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа гараа угаадаггүй гээд хэвшээгүй олон муу зуршил байна. Зөвхөн бага ангийнхан ийм байна уу гээд судлахад 18 настай XI ангийн хүүхдүүдийн шүд, гар угаалт бас муу байна.
Цаашлаад хүүхдүүдийн бэртэл гэмтэл, яс хугарал гээд хүүхдийн эрүүл мэнд, түүнд үзүүлэх анхны тусламж үйлчилгээ тааруухан байна. Судалгаанд харагдаж байгаагаар таван хүүхдийн дөрөв нь сургуулийн орчимд зодуулдаг, дээрэлхүүлдэг. Үүнээс болж бэртдэг юм байна.
Мөн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд маш хүнд тусч байна. Амиа хорлох гэж бодож байсан, оролдсон гээд хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд үнэхээр хүнд байна.
Цаашлаад архи тамхины хэрэглээ 7- 11 дүгээр ангийн хүүхдүүд дунд их байна. Судалгаагаар 18 нас хүрэхээсээ өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь 19 хувь буюу өндөр гарч байна.
БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧЛӨЛИЙН 44.5 ХУВИЙГ 15-24 НАСНЫХАН ЭЗЭЛЖ БАЙНА
Мөн 20-оос доош насны охид төрөхийг “Өсвөр насны төрөлт, жирэмслэлт” гэж үзэж байгаа. Манай улсад 2011 оны байдлаар 2,700 охин төрсөн бол 2013 оны байдлаар энэ тоо 4,000 болж өссөн байна.
Эдгээр өсвөр насны охид төрснөөс үүдээд цаашдаа сурч чаддаггүй, хүүхдээ тэжээх гэсэн олон асуудал урган гардаг гэсэн судалгааг “Гүнж” төвийнхөн хийсэн байна.
Эрт жирэмслэлт буюу 18 нас хүрэхээсээ өмнө жирэмсэлж байгаа нь 2.5 хувьтай, мөн үр хөндөлтийн нийлбэр нь 0.12 хувь байна. Он дамжих тусам эдгээр үзүүлэлт өссөөр байна. 2013 оны байдлаар нийт халдварт өвчлөлийн 39.9 хувийг БЗДХ өвчин эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт байна. Үүний 44.5 хувийг 15-24 насны залуус эзэлж байгаа нь нөгөө өвчлөлийн дийлэнхийг залуучууд эзлээд байгаа нь эмзэглэмээр байна.
Зонхилон тохиолдох БЗХӨ-ийг насны ангиллаар 2011, 2012, 2013 онтой харьцуулж үзвэл /тэмбүү, трихомониаз, заг хүйтэн/ өсвөр насны болон залуучуудын дунд халдвар нэмэгдэж байна.
Тиймээс судалгааны явцад тусгагдсан дараах саналуудыг онцгой анхаараасай гэж хүсч байна.
-
Эрүүл мэндийн багш нарыг хүртээмжтэй, чанартай бэлтгэдэг байгаасай
-
ЕБС-ийн захирлууд эрүүл мэндийн хичээлийг анхаарч, өөрсдийн танил, хамаатан садангийн хүмүүсээр эрүүл мэндийн хичээлийг заалгадаггүй байгаасай
-
Эрүүл мэндийн багш нар хичээлээ үр дүнтэй заадаг байгаасай
-
Шинэ Засгийн газрын шинэчлэл, салбарын бүтэц өөрчлөлтөөр өмнөх сайн туршлага, үр дүнтэй ажлуудаас авч үлддэг байгаасай.
- Салбарын бодлого, стратеги түүний хэрэгжилтийг холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд үр өгөөжтэй хэрэгжүүлдэг байгаасай гэсэн саналыг хэлмээр байна.
-Одоо Нийслэлийн боловсролын газрын саналыг сонсъё. Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй нэгтгэхдээ салбарын яамнаас ямар тооцоо, судалгааг хийсэн юм бол. Энэ талаар?
Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал:
-Эрүүл мэндийн хичээлийг интеграцилах нь Монголд цагаа олоогүй ажил болж байна. Та бүхэн сая хүүхэд, залуусын дундах өнөөгийн өвчлөл, орчны бохирдол ямар их байгааг харсан, сонссон. Энэ нь эрүүл мэндийн боловсрол зайлшгүй хэрэгтэйг харуулж байна.
Боловсролоор дамжуулан хүний буруу зан үйлийг өөрчлөх боломж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Иймд 16 жил тасралтгүй явагдаж байгаа стандарттай хичээлийг хасч байгаа нь боловсролд гарч байгаа ухралт. Эрүүл мэндийн хичээлийг хасаагүй, интеграцчлан оруулж байгаа гэдэг нь ажил хэрэг дээрээ худлаа болж байна.
Өнгөрсөн жил бага боловсролын төвшинд эрүүл мэндийн хичээлийг хасах туршилт хийгээд сайн болсон гэж ямар ч багш, судлаачаас судалгаа авалгүйгээр энэ хичээлийн жилд бүх сургуульд хэрэгжүүлж байна. Үүнтэй адил суурь боловсролын энэ жилийн туршилтаа бас ямар ч судалгаагүйгээр ирэх жил хэрэгжүүлэх гэж байна. Гэтэл энэ туршилтыг хэрэгжүүлж байгаа багийн гишүүдийн зарим нь Япон руу туршлага судлахаар 3-4 удаа явсан.
Японд эрүүл мэндийн биеэ даасан хичээлтэй болсон, бас ёс суртахууны хичээл ч ордог. Монголд хэрэгжүүлэх болохоороо эрүүл мэндийн хичээлийг нь хасаад, ёс суртахууны хичээлийг нэмж оруулж байна. Гадаадын олон оронд эрүүл мэндийн хичээлийг албан сургалт болгон оруулж байхад манайх стандарттай эрүүл мэндийн хичээлээ хасаад стандартгүй ёс суртахуун гэсэн хичээлийг нэмж оруулан сурагчдын ачаалал ихэссэн нэрийдлээр хасч байгаа нь өрөвдмөөр байна.
Иймд Боловсролын сайд Л.Гантөмөр, салбарын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нарт албан ёсоор танилцуулж, эрүүл мэндийн албан сургалтаа хэвээр нь оруулж өгнө үү гэдгийг дамжуулж хэлмээр байна. Хэрэв шийдэгдэхгүй бол интернэт болон бусад хэлбэрээр тэмцэх болно.
-Өсвөр үе, залуучуудын байгууллагыг төлөөлж ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонсъё. Эрүүл мэндийн хичээлийг интеграцчлах нь зөв үү, буруу юу?
Залуус эрүүл мэнд төвийн төлөөлөл Д. Мягмардорж:
-Эрүүл мэндийн хичээл маш чухал. Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдвар өсвөр үе, залуучуудын дунд ихэсч байна.
Хүний эрхийн асуудлууд хөндөгдөж байхад энэ талаарх суурь мэдээлэл, ялангуяа эрүүл мэндийн боловсролыг хүүхдүүдэд илүү сайн эзэмшүүлж, ойлгуулах хэрэгтэй. Мөн хүний бэлгийн амьдрал гээд чухал сэдэв эрүүл мэндийн хичээлд байхгүй болсноор хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байна.
Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ байгууллагын төлөөлөл Ш.Галбадрах:
-Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн цогц мэдлэгийг дэмжих зорилготой Олон улсын 10 хоногийн аяныг бид зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд Нийслэлийн зургаан дүүргийн 5,000 гаруй залуус хамрагдсан.
Мөн энэ ажлын хүрээнд өсвөр үе, залуучууд эрүүл мэндийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, тэндээс гарсан зөвлөмж бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Энэ зөвлөмж бичигт хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, багш нарыг арга зүйгээр байнга дэмжих гээд олон зүйлийг тусгаж өгсөн. Тиймээс бидний зүгээс эрүүл мэндийн боловсролыг дэмжихийн төлөө ажиллах болно.
-Хэлэлцүүлгийн төгсгөлд ЭМСЯ-ны байр суурийг сонсъё?
Эрүүл мэнд, спортын яамны НЭМХ-ийн дарга П. Оюунцэцэг:
-Энэхүү уулзалтаар олон байгууллага цугларан эрүүл мэндийн хичээлтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэж, энэ хичээлийг интеграцилахгүй байх санал зөвлөмж, шүүмжийг хэллээ.
Тиймээс БСШУЯ эрүүл мэндийн хичээлийг хэвээр авч үлдэх үү, эсвэл интеграцичилж агуулга болон цагийг нь нэмэх үү гэсэн хоёр асуудал дээр анхаарч ажиллахыг санал болгож байна. Мөн мэргэжлийн байгууллагууд энэ асуудал дээр хамтран ажиллах нь чухал юм. Эргээд бид холбогдож, энэ хөтөлбөр дээр хамтран ажиллах саналыг та бүхэнд тавьж байна.
Эрүүл мэндийн хичээлийн агуулга дээр өөрийн саналаа хэлэхэд, зургадугаар ангид сарын тэмдгийн талаар зааж байсан бол наймдугаар ангид нөхөн үржихүй сэдвээр хичээл орох. Дараагийн ангид нь бэлгийн бойжилт орох жишээний. Тиймээс хичээлийн агуулга дээр мэргэжлийн хүмүүсийн тусламж, зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй гэж бодож байна.
Мэдээж, бид алгебрын долоон томьёог амьдралд хэрэгжүүлэхээс илүүтэй өнөөдөр өвдөхгүйн тулд юу идэх ёстой вэ, яах ёстой вэ гэдэг эрүүл мэндийн хичээл амьдралд илүү их хэрэг болдог. Тиймээс хоёр талаасаа хамтран ажиллая. Ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах саналаа БСШУЯ-д тавьж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ"