Хүүхэд насны таргалалт

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Хүүхэд насны таргалалт

Хүүхэд насандаа хэт тарган байгаа хүүхдүүд нь ихэнхдээ гэр бүлийн буруу хооллох хэв маягаас үүдэлтэй юм. Нярай байхдаа “марайлаг хүүхэд” эрүүл торнидог гэсэн ойлголт нь сүүлийн үед буруу болж эхэлсэн.

Эрүүл хооллох дадлыг бид хүүхдэд бага байхаас нь хэвшүүлж эхлэх ёстой. Эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй гайхалтай агууламжтай бүтээгдэхүүн. Иймээс ямар нэгэн онцын шалтгаангүй бол хүүхдийг 6 сар хүртэл нь дан эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Үгүй бол ихэнх өвчний эхлэл шиг “хэт таргалалт”-ын эх үүсвэр ч мөн энэ үед л тавигддаг. Хүүхдэд нэмэлт хоол тэжээлийг зөв цаг үед өгч эхлэх нь маш чухал. Аль болох хүүхдэд хоол шилж,  сонгох зуршлыг хэвшүүлэхгүйн тулд өдөрт тогтмол цагуудад хүүхдэд тохирсон хоол хүнсийг өгч байх хэрэгтэй.

Хоол голж шилдэггүй, хоолоор хүн айлгадаггүй, бүтээлч хойч үеийг бий болгохын тулд бид хүүхдийг нярай байх үеэс нь үүнд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн зан төлөв бусдыг даган дуурайх хэлбэрээр хэвшдэг гэдгийг мартаж болохгүй. Эрүүл хооллох дадлыг мөн энэ замаар л түүнд сургах хэрэгтэй. Жишээ нь: Хүүхдээ хоол голдог хүн болгомооргүй байвал эцэг эх та өөрөө ч гэсэн хоол бүү гол, бүү шилж сонго. Хэрвээ та ажил хийдэг, завгүй хүн гэдэг нэрийдлээр байнга хагас боловсруулсан бэлэн хоол хүнс хэрэглэдэг, мөн хүүхдэдээ мөнгө өгөөд юунд зарцуулж байгаад нь ямар ч хяналт тавихгүй байгаа бол та хүүхдийнхээ таргалалтын асуудалд нэгдүгээр зэргийн буруутай хүн мөн. Хэрвээ та хүүхдээ тарган гэж бодож байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаж, түүнийг яаралтай хоолны дэглэмд оруулах нь зүйтэй.

Сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхдэд хэт таргалалт ажиглагдаж байгаа бол та ямар арга хэмжээ авах ёстой вэ? Танд зориулсан хэдхэн зөвлөгөө:

2-7 насны /сургуулийн өмнөх насны/ таргалалт

1- Аль болох хөдөлгөөнтэй тоглоом тоглуулах
2- Хооллох цагуудыг нь тогтмол болгох
3- Шагнаж, урамшуулахдаа идэх юм бүү оролцуулж бай
4- Гэр бүлээрээ сүү ууж, эрүүл хоолол
5- Дуртай, дургүй гэж ялгалгүйгээр хүний биед эрүүл хүнсийг сонгож байх
6- Түүнтэй тоглож, цагийг хамтдаа үр ашигтай өнгөрүүлэх. Ингэснээр таны хүүхэд танаас хоол нэхэж, хоолны цагаар тантай зууралдахгүй.

7-14 насны /сургуулийн насны/ таргалалт

1- Сургуульдаа цүнхэлж авч явж буй идэх зүйлсэд анхаар
2- Аль нэг хоолны цагийг алгасуулахгүй байх
3- Өглөөний цай, өдрийн хоолыг нь тогтмол идүүлж байх
4- Өрсөлдөөнтэй тоглоом, уралдаанд оролцуулж байх
5- Өдөр тутамд хоол хүнснээс өөр зүйлд мөнгөө зарцуулдаг байх тал дээр чиглүүлж өгөх. Жиш: чи мөнгөө цуглуулж бай, чамайг хүүхдийн парк руу авч явна гэх мэт.
6- Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг аль болох сонгуулахгүй байх тал дээр анхаар. Жишээ нь: Бургерийн хажууд шарсан төмс биш шинэ ногооны салат авч өгөх.
7- Шоколад болон чихэр жимснээс түүнийг хол байлгахыг хүсвэл та өөрөө тэдгээрийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.

Эх сурвалж: www.eejbolloo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж