АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг сар шинийн өмнө батлах болон Үндэсний статисикийн хорооны дарга, СЕХ-ны гишүүд, АТГ-ын дэд даргыг томилох асуудлаар мэдээлэл хийжээ.
Мөн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнгийн мэдээллийг сонссон байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Харин Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зарим арга хэмжээний тухай Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг бүхэлд нь хэлэлцэх шаардлагагүй гэжээ. Учир нь УИХ-аас дээрх чиглэлээр хоёр ч удаа тогтоол гарсан учир түүний хэрэгжилтэд анхаарах ёстой гэсэн байна.
С.ОТГОН