Сэлэнгэ аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн Цагааннуур суманд гурван өдөр үргэлжилж, өнөөдөр (II.08) өндөрлөлөө. 1994 онд аймгийн төвийн хэдэн цэцэрлэгийн багш, ажилчдын дунд сагсан бөмбөгийн төрлөөр зохиогдож эхэлсэн тус тэмцээн жил ирэх тусам хүрээгээ тэлсээр өдгөө багахан олимпийн хэмжээнд дөхөж очжээ. Энэ жил л гэхэд аймгийн хэмжээний бүх 32 цэцэрлэгийн төлөөлөл бүхий 280 гаруй тамирчин-ажилчид спортын найман төрөлд (сагсан бөмбөг, олс таталт, шатар, даам, дартс, теннис, цасны сүмо, буухиа) өрсөлдөв. Энэхүү арга хэмжээнд аймаг, сумын удирдах түвшний ажилтнуудаас гадна МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Олимп судлалын төвийн захирал Ц.Цэнд-Аюуш нар оролцлоо.
Энэ жилийн тэмцээнийг Цагааннуур суманд зохион байгуулсан нь учиртай. Газар тариалангийн гол бүс нутаг болсон (улсын нийт үр тарины 40 орчим хувийг бүрдүүлдэг) тус сум 2011 онд орчин үеийн стандартад нийцсэн спортын ордонтой болж. Улсын төсвийн 850 сая төгрөгийн өртгөөр бүтсэн энэхүү ордон 500 хүний суудалтай бөгөөд аймаг, бүс, сумын хэмжээний олон тэмцээнийг хүлээн авчээ.
“Багш нараар дамжуулан хүүхдийг спортоор хөгжүүлэх, спортоор хүмүүжүүлэхэд энэ тэмцээн өндөр ач холбогдолтой” хэмээн тус тэмцээнийг санаачлагч, Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа хэлсэн. Тэмцээн явагдаж эхэлснээс хойш багш нар хүүхдүүдийн дунд спортын олон арга хэмжээ зохиодог болжээ. Одоо Сэлэнгэ аймагт цэцэрлэгээ төгсөж буй хүүхдүүдийн олонх нь шатар, даамны анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон байдаг гэнэ. Мөн эцэг, эхчүүдийн дунд цөөнгүй тэмцээн зохиодог нь үр дүнтэй байдгийг багш нар хэлж байлаа.
Дүн гарахад Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн баг 42 оноогоор тэргүүлж, Мандал сумын “Нархан” цэцэрлэг 48 оноогоор (бага онооны системээр байр эзлүүлсэн) удаалав. Сүхбаатар сумын 2-р цэцэрлэг 54 оноогоор гуравдугаар байр эзэллээ.
Тэмцээний үеэр аймаг, орон нутагтаа биеийн тамир, спортыг сурталчлан хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй зарим хүнийг МҮОХ-ны одон, медалиар шагнасан. Тухайлбал, “Олимпимйн алдар” одонгоор Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанааг, олимпийн “Алтан медаль”-иар 4-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Баяржаргал, Мандал сумын “Олимп” цэцэрлэгчийн эрхлэгч Ж.Бүрэнбуян, Цагааннуур сумын цэцэрлэгийн эрхлэгч З.Сэлэнгэ, Мандал сумын “Нархан” цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбасайхан нарыг шагнаж урамшуулав.