Д.Сэржмядаг охины хэрэгт гурван хүнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Д.Сэржмядаг охины хэрэгт гурван хүнийг саатуулжээ

Д.Сэржмядаг охины хэрэгт гурван хүнийг саатуулжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ.

Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ.

Охиныг алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олоогүй юм. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн 3а ангид суралцдаг байсан бөгөөд тухайн өдөр сургууль дээрээ огт очоогүй, сураггүй алга болсон билээ.

Охиныг хамгийн сүүлд гэрээсээ гараад сургууль руугаа явж байхыг хөрш айлынх нь хүүхэд харсан байдаг. Охин сураггүй алга болоод жил гаруй боллоо. Олон нийтийн анхаарлын төвд буй энэхүү хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй эрэн хайж байна.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаанаас зарим зүйлийг тодрууллаа.


-Д.Сэржмядаг охин алга болоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Эрэн хайх ажиллагааны үйл явц ямар байна вэ. Охиныг хайх явцад шинэ мэдээлэл гарч ирэв үү?

-Охиныг эрэн хайх ажиллагаа журмын дагуу үргэлжилж байна. Охиныг алга болсон даруйд цагдаагийн байгууллага улсын хэмжээнд эрэн сурвалжилсан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас Д.Сэржмядаг охиныг олох хүртэл эрлийн ажиллагааг тасралтгүй явуулна.

Иргэдийн дунд ажлын хэсэг татан буугдсан гэх мэт ташаа мэдээлэл гарах боллоо. Охиныг хайж буй ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн 14-30 хоногийн дотор солигдон ажилладаг. Үүнийг иргэд маань ажлын хэсэг татан буугдсан мэтээр ойлгож байгаа юм болов уу. Д.Сэржмядаг охины хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явж байна. Эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар “Хүн хулгайлах" гэх зүйлчлэлээр шалгаж буй юм. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх байр, хүүхэд нууж хаасан байж болзошгүй өрх айл, гуу жалга, сэжигтэй этгээд бүгдийг шалгасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар охины хэрэгт холбогдуулан гурван хүнийг хорьсон бөгөөд холбогдолгүй хүмүүсийг сулласан.

-Шалгалтын явцад охины талаар ямар нэг сэжүүр гарсан уу?

-Замын-Үүд суманд Монгол Улсын 21 аймгаас хүмүүс ирж очдог бөгөөд 23 мянган хүн амтай. Тус сумын иргэд амьдрал ахуйгаа сайжруулах гэж хилийн чанадад ажил хөдөлмөр эрхлэх нь элбэг. Тиймээс шалгалтыг өргөн цар хүрээтэйгээр явуулж байна. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр охин алга болоод жилийн хугацаа өнгөрсөн байгаа юм. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор 4000 гаруй цагдаагийн алба хаагч биечилсэн эрэн хайх ажиллагааг явуулсан байдаг юм. Мөн 30 гаруй иргэн эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан. Одоо ажлын хэсэг гурав, дөрвөн чиглэл дэвшүүлээд ажиллаж байна. Шалгалтын явцад сэжигтэй этгээдүүдийг шалгаж буй ч эцэслэн тогтоогдох хүртэл мэдээлэх боломжгүй.

-Иргэдээс охины талаарх мэдээллийг худалдаж авах журам хэвээрээ байгаа юу?

-Цагдаагийн байгууллагаас охины талаарх үнэн бодит мэдээллийг худалдаж авах журам хэвээрээ явж байгаа. Гэхдээ эрэн хайх ажиллагаанд иргэд төөрөгдөл учруулахуйц худал мэдээлэл өгсөн тохиолдол гарч ирсэн.

-Хилийн чанадад шалгалт хийсэн үү?

-Ажлын хэсэг хилийн чанадад шалгалт хийсэн зүйл байхгүй боловч энэ сард багтаан 7-10 хоногийн хугацаанд БНХАУ-д шалгалт хийхээр төлөвлөсөн.

-Охиныг алга болох үед хяналтын камер байгаагүй шүү дээ. Тухайн бүс нутгийг камержуулсан уу?

-Замын-Үүд суманд гурван сургууль байдаг бөгөөд сургуулийн ойр орчим, гудамж, талбайд 40 гаруй хяналтын камер шинээр тавьсан. Мөн иргэд өөрсдийн санаачилгаар хувийн авто машиндаа хар хайрцаг суурилуулсан. Тус суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харанхуй гудамж, талбайд гэрэлтүүлэг нэмсэн.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж