Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1 буюу арваннэгдүгээр сарын 8-нд монголчууд Монгол бахархлын өдрийг тэмдэглэлээ. 2012 оноос хойш албан ёсны баярын өдөр болгон, бүх нийтээр амарч тэмдэглэж байгаа Монгол бахархлын өдөр энэ жил долоо хоногийн Пүрэв гаригт тохиосон учраас 9-ний Баасан гаригийг амралтын өдөрт шилжүүлэн дөрвөн өдөр дараалан сунаж амарлаа. Шоргоолж шиг хөдөлмөрлөж, мөнгөө үржүүлэхгүй байгаа болохоор ганц өдрийн гарзгүй хүмүүс амарч зугаалахаас биш яахав.
Монгол түмний Их эзэн Богд Чингис хааны хорвоод мэндэлсэн өдрийг өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр хэмээн үзэж, дэлхийн талыг эзэгнэсэн их үйл, их үлгэрлэлийг өнөө үеийнхэнд мэдрүүлэх гэж энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгосон. Харамсалтай нь, Их эзэн Богдын нэрээр л бахархаж, элдэв барааны шошгод нааж бахархахаас төрийг залах их үйл, ухаан, үлгэрлэл нь найман зууныхаа тэртээгээ үлджээ.
Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга Их эзэн Богдын үйл, ухаан, үлгэрлэлийг дэлхийд нэртэй хүмүүсийн эшлэлээр дурдсаныг дахин сануулъя.
Плано Карпини: “Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй”,
Жужжани хэлэхдээ: “Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон”,
Жүвэйни хэлэхдээ: “Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан”,
Германы судлаач П.Рачневский: “Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа”,
Францын ерөнхийлөгч асан Жак Ширак: “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” гэсэн эшлэлүүдийг Ерөнхийлөгч онцолж ард иргэдийг амирлуулж, төрийг залах удирдагчид байх шинжүүдийг сануулахын сацуу төрд тэрслэгчдийг хатуу цээрлүүлж байсныг анхаарууллаа.
Бахархах юм даанч байхгүйгээр төрөө тоносон цэвдэг сэтгэлтнүүдийг оройдоо залсныг мэдсэн энэ өдрүүдэд Монгол бахархлын өдрийг тэмдэглэх нь дэндүү хоржоонтой. Гэхдээ маргашгүй ганц үнэн гэвэл ард иргэдээ тонодог удирдагчдыг бид өөрсдөө л сонгосон. Хэний ч албадлага, шахалтгүйгээр баастай бурхдыг оройдоо залсан. Ардчилсан сонгууль гэдэг үгийн мөн чанарыг боломж болоод эрсдэлийг одоо ойлгох цаг болсныг харуулж байна. Сонгууль дөхөхөөр сонгогчдод гэнэт хайртай болдог хүмүүсийг, гурил будаа, түмпэн сав тараадаг, сонгуулийн жил гэрийн чинь ойр орчныг чинь цэвэрлэж, замыг чинь засдаг, нэг зуны настай хүүхдийн тоглоом, сагсны шийт зоодог хүмүүсийг таних цаг болсныг сануулж байна. ЖДҮ-ийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр нь авахыг хүсч байгаа бол сонгуулиар саналаа бодолтой өгөхийг сануулж байна.
ЖДҮ-ийн зээлээр эхэлсэн дуулиан өдөр ирэх тусам өндөр авч, УИХ-д суудалтай, төрд сэтэртэй болгон энэ эргүүлэгт нь хамагдан орох шинжтэй болж байна. Нийгмийн уур бухимдал цог хаяхад гал болон дүрэлзэхээр байдалд байна. Улстөрчдийн амнаас гарах бодлогогүй үг, үйлдэл гал өдөөх цог болж болохоор байхад дуулианд холбогдсон түшээдийн арьсаа хамгаалсан үхээнц тайлбар гал дуудахаар байгааг мэдэж л байгаа байх даа. Зөв ярьж чадахгүй бол амаа хамхиад хүлээж бай гэсэн зөвлөгөөг өгмөөр хүн олон байгааг орой болгон телевизээр харж байна. Дуулианд холбогдсон хүмүүст хуулийн дагуу, хуулийн хүрээнд хариуцлага тооцох нь нийгмийн сэтгэл зүйг хэсэг зуур тайвшруулах боловч нэгэнт дампуурсан төрийг аврахгүй. Гэхдээ дампуурсан төрийг аварна гээд нураах, тараах, буцах зам сонголт биш. Эхнээсээ баталсан хууль, гаргасан шийдвэрээ мөрдөөд, түүнийгээ ил тод тайлагнаад, хэрэгжиж байгааг нь сонгогчид нь хянаад шалгаад явчихсан бол заавал ёроолдоо хүрэх албагүй л байсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарахыг санал болгосон албан бичгээ УИХ-ын даргад өөрийн биеэр гардуулсан ч Ерөнхийлөгчийн албан бичигтээ дурдсан УИХ-ыг тараах үндэслэлүүдтэй санал нийлэхгүй байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт хариу мэдэгдлээ. УИХ-ын дарга хариу мэдэгдэлдээ Ерөнхийлөгчийг “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн Үндсэн хуулийг заалтыг анхаарч ажиллахыг сануулаад авлаа. Ерөнхийлөгчийн сэнтийг сонгуулиар олж авсан ч үүрэгт ажилдаа орсноос хойш өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн бизнесийн ажлаа гүйцэлдүүлэх зорилгоор гүйцэтгэх засаглалын эрхэд хамаарах алхмуудыг нэг биш удаа хийж, ганц хоёр албан тушаалтны сандалтай тэмцэлдэж байгааг олон хүн ойлгож, мэдэж байгаа учраас спикерийн сануулга ор үндэсгүй зүйл биш. 2017 оны долдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш УИХ-ыг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэд хэдэн удаа илгээгээд байсан Ерөнхийлөгч энэ удаа өөрөө тарахыг санал болгоод татгалзсан хариу авлаа. Хэдийгээр өөрөө тарах саналыг хүлээж авахгүй гэж УИХ-ын дарга том дуугарсан ч парламентын гишүүдийн дийлэнх нь ЖДҮ-ийн зээлийн дуулианд холбогдсон нь ил боллоо. Бүгдээрээ ижилхэн хар хэрээ учраас нэг нэгнийхээ харыг гайхаад байж чадахгүй.
Ямар нэг тэсрэлт, бужигнаан болно гэсэн мэдрэмж хүмүүсийг эзэмдэж эхэллээ. Одоо юу болох вэ бол гэдгийг нийгэм харж байна. Төр эргэх үү, Майдар эргэх үү?
Холбоотой мэдээ