Дэлхийн монголчууд наадна

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн монголчууд наадна

Улсын их баяр наадам дөнгөж өндөрлөж байгаа энэ үед дахин нэг наадмын чимээ дуулдаж эхэллээ. Энэ долдугаар сарын 16-17-нд дэлхийн монголчууд Байгаль далайн хөвөөнд наадах гэж байна. Дэлхийн Монгол туургатны дөрөвдүгээр чуулган ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болох гэж байгаа юм. Монгол туургатны гал голомтыг сахигч Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнийг тус чуулганы хүндэт Ерөнхийлөгч  байлгахаар чуулганы дүрэмд тусгасан байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаан-Үдийн чуулганд оролцох гэж байна. Чуулганыг зохион байгуулах хороог Монгол Улсын талаас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ОХУ-ын Буриад улсын талаас тус улсын Ерөнхийлөгч А.Наговицын нар удирдахаар болжээ. Наадмын үеэр “Даяарчлал ба дэлхийн монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, Монголын аж үйлдвэрийн барааны үзэсгэлэн, бусад төрөлжсөн үзэсгэлэнгүүд, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна хурдан морь уралдуулж, буриад, урианхай, халх сурын харваа болох юм байна. Бас Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын шилдэг бөхчүүд үзүүлэх барилдаан хийж уран мэхийг уралдуулах ажээ. Монгол туургатны соёл, мэдээллийн төвийн нээлт болж, монгол хэлтнүүдийн нэгдсэн гала концерт тоглож Байгаль далайн наадам хөлтэй болох төлөвтэй байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж