-Шигшээ тоглолтод Монголын хоёр баг шалгараад байсан бөгөөд "Капитал" баг хожиж, цомын эзнээр шалгарлаа.-
Монголын хоккейн холбооноос “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулав. Уг тэмцээнд Монголоос хоёр, ОХУ, Канадын нэг нийт дөрвөн баг цомын төлөө өрсөлдлөө. Тэмцээний аваргаар Монголын "Капитал" баг шалгарч "Улаанбаатар цом-2015"-ын эзнээр тодров. "Мобиком" баг дэд байрт, Канадын баг гуравдугаар байрт шалгарлаа. Харин ОХУ-ын баг нэг ч хожил аваагүй байна.
Өнгөрөгч баасан гаригт эхэлсэн тус тэмцээний гуравдугаар байр болон аваргын төлөөх тоглолт өнөөдөр болсон. Тэмцээний III байрын төлөө Канад, ОХУ-ын багууд шалгараад байсан. Энэхүү тоглолтод 5:2-оор Канадын хоккейчид хожлоо.
Харин аваргын төлөө хоёр хожилтой байсан "Капитал", "Мобиком" багууд шалгараад байсан. Шийдвэрлэх тоглолтод "Капитал" баг өрсөлдөгчөө 6:4-өөр хожиж, цомын эзнээр шалгарлаа.
Алтан медаль: “Капитал” баг (гурван хожил)
Мөнгөн медаль: “Мобиком” баг (хоёр хожил, нэг хожигдол)
Хүрэл медаль: Канадын баг (нэг хожил, хоёр хожигдол)
IV байр: ОХУ-ын баг тус тус шалгарлаа.
Тэмцээний шилдэг хамгаалагчаар ОХУ-ын Юри Никлай, Канадын Райн, довтлогчоор ОХУ-ын Руслин, хаалгачаар Германы Алекс Самаркин нар шалгарсан юм.
Хэсгийн тоглолтын дүн:
II.06 (Баасан гариг)
ОХУ – “Капитал” 2 : 7
Канад – “Мобиком” 1:5
II.07. (Бямба гариг)
ОХУ – “Мобиком” – 4 : 7
“Капитал”- Канад – 9 : 4
Шигшээ тоглолт:
II.09 (Ням гариг)
III байр: ОХУ- Канад 2:5
Шигшээ тоглолт: “Капитал” – “Мобиком” 6:4-ээр тус тус хожлоо.
Ч.БОЛОР