“Сүү” ХК сүүнийхээ үнийг 200-250 төгрөгөөр буурууллаа

Хуучирсан мэдээ: 2015.02.07-нд нийтлэгдсэн

“Сүү” ХК сүүнийхээ үнийг 200-250 төгрөгөөр буурууллаа

“Сүү”ХК-ийн Мал аж ахуйн цогцолбор ферм нь энэ хагас сайн өдөр буюу 02 сарын 07-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Одоогоор фермээс өдөрт 7 тонн сүүг Сүүний үйлдвэрт нийлүүлж байгаа бөгөөд өвлийн улиралд өдөртөө энэ хэмжээний сүү цуглуулахын тулд дунджаар 250 малчин, фермерүүдийн гадаа очиж авдаг юм. Өдөр бүр, малчин бүрийн гэрийн гаднаас өглөөний саалийг нь авдаг учраас тэр хэрээр цаг хугацаа, түлш, ажилчдын цалин хөлс зэрэг урсгал зардал хэрэглэгч таны худалдан авч буй литр сүү тутамд шингэдэг билээ. Харин Сэлэнгэ аймаг дахь “Мал аж ахуйн эрчимжсэн цогцолбор ферм” ашиглалтанд орсноор 7 тонн сүүг нэг цэгээс татан авч байгаа нь үйлдвэрээс гарч байгаа литр сүү тутмын өртөг буурахад нөлөөлж байгаа юм. Тиймээс “Сүү” компани өнөөдрөөс эхлэн “Миний монголын сүү”-нийхээ үнийг 200 төгрөгөөр, “Элекстер” сүүний үнээ 250 төгрөгөөр буурууллаа. Монголчуудын нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг Сар шинийн баярын өдрүүдэд хамгийн ихээр хэрэглэгддэг хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн байдаг. Тэр хэрээр сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ үүсч, үнэ нь өсдөг. Тиймээс “Сүү” компани эрэлт ихэссэн баярын энэ үед ийнхүү эрэлт ихтэй бүтээгдэхүүнийхээ үнийг буурууллаа. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Сэлэнгэ аймаг дахь Мал аж ахуйн эрчимжсэн цогцолбор ферм маань хоёр жилийн хугацаанд 1200 үнээтэй болох төлөвлөгөөтэй бөгөөд энэ хэмжээний дэд бүтцийг бид байгуулаад байгаа юм.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж