УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төслөөр эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллага түүний бүтэц, бүрэн эрх, мөн эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, тэдгээрийн эрх үүрэг, эрдэс баялгийн ил тод байдлын тайлан түүнтэй холбоотой харилцаа, тайлан гаргах үүрэг бүхий хуулийн этгээд, байгууллагууд, тэдгээрийн эрх үүрэг, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллагын санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэх харилцааг зохицуулсан аж. Хуулийн төсөл нь 4 бүлэг, 17 зүйлээс бүрдэх юм байна.
Мөн тайлан гаргах хугацааны тухайд, аж ахуйн нэгжүүд ил тод байдлын анхан шатны тайлангаа ажлын албанд дараа жилийн тавдугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх бол төрийн анхан шатны тайланг сум, дүүргийн Засаг даргаас эхлэн гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжин Татварын ерөнхий газар, Сангийн яаманд ирүүлнэ. Үүнтэй хамт тус хуулийн төсөлд тухайлан заасан эрдэс баялгийн салбартай холбоотой чиг үүрэг гүйцэтгэж байгаа төрийн захиргааны байгууллагын зүгээс мөн анхан шатны тайлан гаргаж шууд Татварын ерөнхий газарт дараа жилийн тавдугаар сарын 15-нд тус тус ирүүлэх, Засгийн газрын анхан шатны тайланг хянан баталгаажуулсны үндсэн дээр Сангийн яамнаас дараа жилийн зургадугаар сарын 15-ны өдрийн дотор Үндэсний зөвлөлийн Ажлын албанд хүргүүлэх юм.
Улмаар эрдэс баялгийн салбарын нэгдсэн тайлан гаргах ажиллагааг сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгогдсон хөндлөнгийн хараат бус, мэргэжлийн аудитын байгууллагаар нэгтгүүлэх ажлыг 3 сарын дотор гүйцэтгэж нэгдсэн тайланг Үндэсний зөвлөлөөр дараа оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хэлэлцэн баталж нийтэд мэдээлэх юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр бизнесийн орчноо сайжруулъя, давхацсан хяналт шалгалтаа багасгая гэж ярих хэрнээ өргөн барьсан төслүүд нь энэ бүхнийхээ эсрэг болчихоод байна. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар аж ахуйн нэгж 40 орчим тайлан гаргадаг, энэ хуулиар нэмж 11 нэр төрлийн мэдээлэлтэй тайлан гаргах нь. Аж ахуйн нэгжүүдийн гаргадаг тайлангийн тоог л нэмэх болж байна. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлье гэж байгаа бол өрсөлдөхүйц орчинг бий болгох ёстой. Ярьж байгаа, хийх гээд байгаа юм чинь хоорондоо зөрчилтэй болчихоод байна” гэсэн асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа мөн санал нэг байгаагаа онцлов.
Тэрээр “Энэ хууль нь уул уурхайн салбарын хөгжлийг боомилох, удаашруулах биш хөгжүүлэхэд чиглэх ёстой. Орон нутагт үл ойлголцох байдал бий болж, төслүүд удааширч байна, энэ нь ил тод байдал хангагдахгүй байгаагаас болдог. Тийм учраас Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг илүү боловсронгуй болгож батлах шаардлага байна” гэдгийг онцолсон юм.
“Өрөнд баригдаж дууслаа”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төрийн өмчит компаниуд өрөнд баригдаж, дууслаа гэв. Тухайлбал, Эрдэнэс МГЛ компани 400 тэрбум төгрөгийн өртэй бол, Эрдэнэс тавантолгой компани 800 тэрбум төгрөгийн өртэй аж. Тиймээс ашиг өгдөггүй арандаг болж байгаа төрийн өмчит томоохон компаниудаа эхний ээлжинд хувьчлах асуудлыг Засгийн газар яаралтай оруулж ирэх шаардлага байна гэдгийг энэ үеэр гишүүд хөндлөө. Мөн өмнө хувьчлагдсан амралт сувиллын газрууд ямархуу байгааг нягтлахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хариулт өгөв. Тэрхүү хариултаар өмнө хувьчлагдсан амралт сувиллын газруудын үйл ажиллагаа сайн байгаа аж. Өмч хувьчлалын жагсаалтыг удахгүй ярина, түүнд 20 обьект тусгагджээ.
Эл асуудлыг хэлэлцэж байгаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлсэн юм.
Г.ДАРЬ