Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив.
Хуулийн төсөл өргөн барин үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид, одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг тодорхой бөгөөд тогтвортой байлгах, өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсээд байгаа талаар танилцуулсан.
Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулахаар энэ хуулийн төслийг боловсруулжээ.
ХУУЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХАРАХ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны … дугаар сарын. ..-ны өдөр Дугаар Улаанбаатархот
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулга бүхий 471 дүгээр зүйл нэмсүгэй.
“471 дүгээр зүйл. Стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр
471.1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авч байгаа тал буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тооцож улсын төсөвт төлнө.
471.2. Энэ хуулийн 471.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь хэмжээг Засгийн газар батална.”
471.3. Энэ хуулийн 5.3-5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь хэмжээ нь тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрэхээргүй байна.
2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 5.3-5.5 дахь хэсгийн “гэрээгээр тодорхойлно.” гэсний дараа “Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ