Богд уулын түймэр унтраагүй байна

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Богд уулын түймэр унтраагүй байна

Богд уулын Төр хурахын аманд хоёрдугаар сарын 4-ний лхагва гаригийн 16.30 цагийн орчимд гал түймэр гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг байгаль орчны байцаагч нь анх мэдэгдсэнээр Баянзүрх дүүргийн Цагдаа, Онцгой албаныхан очжээ. Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан ч өтгөн өвс, хуурай хөрстэй, цас багатай байгаа тул түймэр хөвд рүүгээ хавж, түймрийг бүрэн унтраахад хүндрэлтэй байгаа аж. Энэ талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны дарга Ц.Ширэндэвээс тодруулахад:

-Өвлийн цаг учраас галын машины ус шахдаг гуурс нь хөлдчихөөд бид нар 496 машинтай жижиг савуудаар доороос нь ус зөөж байна. Ямар ч байсан 60 гаруй хүн өдөр шөнөгүй галыг унтраахын төлөө ажиллаж байгаа ч цасгүй, хэт их өтгөн өвстэй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Бүрэн унтраахад дахиад их хүч татах шаардлага гарах байх” гэлээ. 

Эхний ээлжийн дүгнэлтээр Төр хурахын амны 15 орчим га газар ийнхүү түймэрт автсан байна. Маргааш өглөө БОНХАЖЯ-ны дэд сайд болон бусад албаны хүмүүс газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцах ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж