Зөрүүтэй тоонуудыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Зөрүүтэй тоонуудыг цэгцэлнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы хуралдаанд эдийн засгийн макро үзүүлэлтээр тогтмол мэдээлэл өгч,  Засгийн газрын хэмжээнд төсвийн орлого, зарлагын мэдээллийг холбогдох байгууллагуудын тоон үзүүлэлттэй нэгтгэж, нийлж байх ажлыг өнөөдрөөс эхлүүлэх санал гаргаж байгаагаа танилцуулсан юм. Ерөнхий сайд УИХ-ын Хурлын дөрвөн байгууллага, тухайлбал Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, мөн гүйцэтгэх эрх мэдлийн дөрвөн байгууллага болох Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас авсан тоон үзүүлэлтийг тухайн чиглэл бүрээр хавсаргаж, УИХ-ын гишүүдэд тараасан. Тэрбээр  “Тоо бүр нэгийг өгүүлдэг. Төсвийн мэдээллийг ил болгосноор харилцан бие биендээ итгэх итгэл нэмэгдэж та бидний, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урагшлах ёстой. Цаашид, Улсын Их Хурал болон Засгийн газрын эдгээр байгууллагууд мэдээллээ нэгтгэн улирал бүр энэхүү мэдээллээ тогтмол гаргадаг болгох саналтай байна. Эргэлзээтэй тоон үзүүлэлт, эсхүл статистикийн тоо зөрүүтэй гарсан тохиолдолд Улсын Их Хурлаас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах, үр дүнд нь тухайн үзүүлэлтийг цаг алдалгүй цэгцлэх горимд шилжье. Эдгээр үзүүлэлтийг нэгтгэдэг, дүн шинжилгээ хийдэг, дүгнэж танилцуулдаг нэгж, албыг Улсын Их Хурал, Засгийн газар дээр байгуулах чиглэлээр ажиллах саналтай байна" гэсэн юм. Түүний мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж,  төрийн байгууллагууд, яам, агентлагуудын гаргаж буй тоон мэдээлэл хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй байгааг шүүмжилсэн. Тухайлбал,

Үндэсний статистикийн хороо, УБЕГ-ын хуулийн этгээдийн  талаарх гаргаж буй тоо мэдээ эрс зөрүүтэй байгааг гишүүд лавлаж байсан юм. Энэ асуултад УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж  “Өнөөдрийн байдлаар  141 мянга 129   хуулийн этгээд бүртгэлтэй байна. 2012 онд 204,  2013 онд 513, 2014 онд 1056 аж ахуй нэгж  татан буугдсан” гэх мэдээллийг өгсөн бол Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан “Статистикийн газар дээр аж ахуй нэгжийн үйл ажиллагааны мэдээллийг цуглуулах, тухайн талбарыг тодорхойлох  үүднээс тоон үзүүлэлтийг гаргадаг. 2011 онд Эрдэнэс-Тавантолгойн хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотойгоор аж ахуй нэгжийн тоо эрс нэмэгдэж, үүний дараа буюу энэ онд 53 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй хэрнээ үйл ажиллагаа явуулахгүй   байна. Үүнийг нэгдсэн  тогтолцоонд оролцуулахгүй  бол мэдээллүүд  өөр өөр гарсан хэвээр байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  “Төсвийн төсөөлөл хэд байсан,  гүйцэтгэл ямар байгааг эхлээд яримаар  байна. Макро эдийн засгийн үзүүлэлт нь дүгнэлттэй, анализ хийсэн, бодлогын  зөвлөмж байх ёстой. Ерөнхий сайдын гаргаж байгаа санаачлага зөв. Дэлхийн банк, ОУВС-аас Засгийн газарт өгдөг зөвлөмжийг УИХ-ын гишүүдэд  мөн хүргэх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий нийт тухайн улсын өрсөлдөх чадвар,  хүний хөгжлийн үзүүлэлт, макро эдийн засгийн үзүүлэлт гэсэн гурван хүчин зүйлд тулгуурлаж байна” гэсэн юм. Л.Энх-Амгалан гишүүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдрийн хувьд гишүүдэд зөвхөн 2014 оны тоог тараасан. Тоогоо нэг болгочихвол дараа нь түүнийгээ тойроод ярьж болно.  Цаашдаа Засгийн газар, УИХ дээр улиралд нэг удаа эдийн засгийн үзүүлэлтийн талаар тоогоо нэгтгээд явъя. ОУВС, Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөмжийг гишүүдэд давхар өгөх ажлыг  зохион байгуулахад асуудалгүй” гэх тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсаас экспортод гарч байгаа баялагийн хэдэн хувь нь эргэж орж   байгааг лавласан. Энэ асуултад  Уул уурхайн сайд Р.Жигжид “Өнөөдрийн байдлаар 2736 тусгай зөвшөөрөл өгснөөс 1391 нь ашиглалтын, 1345 хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Ашиглалт явуулж байгаа байдал нь нийт газар нутгийн 0.7 хувийг, тусгай зөвшөөрөл бүхий газар нутаг нь нийт нутгийн 6.4 хувийг эзэлж байна. Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүнийг төрлөөр нь авч үзвэл  алт 11.9 саятн, зэс 1 сая 238 тн, нүүрс 19.9 сая тн, төмрийн хүдэр 4.932 мянган тн, цайр 80 мянган тн, жонш 255.9 мянган тн-ыг экспортолсон байна” гэсэн бол Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан “Нийт экспортын 55 хувь нь мөнгөн дүнгээрээ эргэж орж ирсэн. Оюутолгой 1.9 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсноос 50 хувь нь буцаж орж ирээгүй байна. Нүүрсний хувьд зээлд суутгагдсан, хүлээгдэж байгаа асуудал бий” гэх хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссанаар Ерөнхий сайдын мэдээлэл дууслаа. Харин УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж