
Монголд энэ онд олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.
Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм.Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А (Том нас), В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000 метр, эрэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000, 5000 метрт хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэ тэмцээний өмнө Монголын тэшүүрийн холбоо Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах аж.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn