Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Фишер багтаа үлдэнэ

Өнгөрөгч долоо хоногт “Майами Хит” багийн удирдлагуудтай уулзалт хийсэн “Лос-Анжелес Лейкерс” багийн хамгаалагч Дерек Фишер багтаа үлдэх бодолтой байгаа гэнэ.
Туршлагатай хамгаалагч, лигийн таван удаагийн аварга Фишер даваа гаригт “Лейкерс”тээ үлдэнэ гэдгээ хэлсэн бөгөөд зургаа дахь удаагаа аваргын цомын төлөө тэмцэнэ гэсэн байна.

“Лейкерс”-ийн гурван холбон тоглогч бүгд улирал дуусаад чөлөөт агент болсон юм. Дерек Фишер, Жордан Фармар нарын гэрээ дуусч, Шаннон Браун эрхийн дагуу нэг жилийн гэрээгээ цуцалжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Лейкерс” Стив Блейктэй дөрвөн жилийн гэрээг байгуулсан нь энэ гурван холбогчийн аль нэг нь багаа орхих нь тодорхой гэдгийг харуулсан. Харин Фармар уу, Фишер үү гэдэг дээр асуудал үүсч байсан бол одоо Фишер гарааны холбон тоглогчоор, харин Блейк түүний сэлгээ болохоор болж байна.

Фармарын хувьд “Нью Жерси Нэтс” багаас ирүүлсэн гэрээний саналыг хүлээн зөвшөөрч тус багийн сэлгээ болсон.

Фишер бусад багуудын зүгээс дорвитой үнэтэй гэрээний санал аваагүй учраас багтаа үлдэхээр болсон гэдэг хардлага байгаа ч Брайнт, Фишер гэсэн нөхөрлөл ахмад тоглогчийг Лос Анжелес хотдоо үлдээхэд илүү түлхэц болсон гэх хүмүүс ч байгаа юм.

1996 онд “Лейкерс”-т драфтаар ирсэн Фишер хоёр жил боломжийн үнэтэй гэрээгээр “Голден Стейт”, нэг жил “Юта Жазз” багт тоглож байсан ч хувийн амжилт болоод ар гэрийн хувьд ч эдгээр жилүүд таатай байгаагүй. Харин 2007 онд “Лейкерс”-т эргэн ирснээс хойш гурван удаа шигшээд шалгарч, хоёр удаа аваргын цом хүртээд байна.

Дасгалжуулагч Фил Жэксон ирэх жил багтаа үлдэхээр болсны дараа Фишер Лос Анжелестаа үлдэхээр боллоо.

Б.Ялалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж