УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг “байцаав”

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг “байцаав”

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх тоон мэдээлэл өглөө. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд  асуулт асууж,  санал хэлж байна. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд, ажлын хэсгийнхний хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Мэдээлэл үнэн зөв байх нь төрийн байгууллагын соёл гэдэгтэй санал нэг байна. Бусад оронд байнгын хорооны хуралдаанд оролцохдоо тангараг өргөж байгаад мэдээллээ өгдөг юм билээ. Гэтэл манайд  төсвийн тодотгол батлахдаа өрийн босгын талаар бөөн асуудал дэгдээсэн. Өрийн тааз ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байна гэсэн Сангийн яамны мэдээлэл худлаа байсан. Та одоо энэ худал мэдээллийн дагуу ямар хариуцлага тооцох вэ.  Өрийн хэмжээ  12.5 их наяд  төгрөгт хүрсэн гэдэг хэдний өдрийн мэдээлэл вэ. Өрийн тааз өнөөдрийн байдлаар бараг ДНБ-ий 59 хувьд хүрсэн байх гэж тооцож байна. Өрийн мэдээллийг Сангийн сайдаас авъя. Өгөхгүй бол хариуцлага тооцъё.  Чанаргүй зээлийн үлдэгдэл 625 тэрбум гэж байна. Найдваргүй зээл нь хэд вэ.  Үүний тал нь төсвөөс хөрөнгө оруулалтын санхүүжилтээ авах ёстой компаниуд байсан. Бид компаниудаа шавраас чирч гарахгүй бол хямралаас яаж гарах вэ. Тэд чинь л хямралаас гаргана. Засгийн газрын банкуудад өгөх өглөг хэд вэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Зарчмын саналуудтай санал нэг байна. УИХ дээр статистик тоо баримтаа нэгтгэе гэсэн санал  оруулж ирлээ.  Өнөөдрийн оруулж ирсэн материалд зарим тоо баримт  зөрж магадгүй. Энэ чиглэлийн мэдээллийг сонсохоор УИХ дээр хуулийн төсөл хэлэлцэж байхад гишүүд нэг тоон дээр ярьдаг зарчимд шилжинэ. Үүнээс хойш тоогоо буруу мэдээлвэл хариуцлага тооцно. Өнгөрсөн хугацаанд яам, агентлагууд өөр өөрсдийн тоог гаргаж мэдээлдэг байсан.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Бондын үлдэгдэл 2.9 хэвээрээ байгаа. Төсвийн алдагдал санхүүжүүлэхэд бондыг Засгийн газраас гаргаагүй. Эргэн төлөх зориулалтаар л бонд гаргасан. Төсвийн төслийг хэлэлцэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлж өгсөн гэж тайлбарладаг. Гэхдээ энэ дүн нь өнгөрсөн есдүгээр сарын байдлаарх дүн.  Төлөвлөсөн хэмжээндээ орлогоо төвлөрүүлээд өгчихдөг болох зорилт дэвшүүлж байна. Санхүүжилтээ дутуу авсан компаниудын хувьд ирэх 2016 оны төсөвт суутган өгөх байх.

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар: Шилэн данс ярьчихаад гурван их наядын зарцуулалтаа ил гаргах хэрэгтэй.  Тоо баримтаа нэг мөр болгож байгаа нь зөв.  Орон тооны цомхотгол их байна.  Үүний оронд аттестатчилал явуулаач. Жилд 10 орчим мянган төрийн албан хаагч тэтгэвэртээ гарч байгаа. Үүний оронд хүн томилох хэрэгтэй.  Сангийн яаманд хуримтлагдаж байгаа өрийн хэмжээг хэлээч. Олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан, эцэст нь санхүүжилтийг нь төлдөггүй. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүдээс явуулсан асуулгад хариулт хэлэхгүй юм. Ажлаа, хариуцлагаа мэдэхгүй, том толгойтой хүмүүс их байна шүү.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:Улсаас авлигатай байгаа аж ахуйн нэгж гэж НӨАТ-ын буцаан олголтыг хэлж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор 19 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийсэн. Улсын хөрөнгө оруулалтыг шалгаж үзэх тусгай байгууллагатай болж байгаа.  Сангийн яам хувьд энэ ажлыг хариуцдаггүй байсан. Бүтцийн өөрчлөлтийн дараагаар хариуцдаг болсон.

 Чуулганы хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулж байна.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж