Арваад хоногийн дараа монголчуудын сар шинийн баяр болно. Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар буурсныг худалдаачид хэлж байна. “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр нийслэлийн иргэд болон орон нутгийн иргэд үйлчлүүлэх нь их билээ. Тус худалдааны төвийн худалдагч Н.Дуламсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Цагаан сар болоход цөөн хоног үлдлээ. Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ?
-Эдийн засгийн хүндрэл хаа сайгүй нүүрлээд байна. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Өдөрт 1-2 цамц, бээлий зарах жишээний. Цагаан сар дөхөж байгаа энэ үед идээ, ууцны тавиур ч авах нь бага байна. Уламжлалт сар шинийн баяраар бэлтгэсэн ууцны тавиурыг хосоороо 30.000, дээлний бүсийг 25.000 төгрөгөөр зарж байна. Үнэндээ бол худалдан авалт муу байна. Өчигдөр ирсэн бараа яг хэвээрээ байна. Тээврийн зардал төлөхөөр зарим үед ашиг гарахгүй боллоо.
-Тэгэхээр өнгөрсөн жилийн энэ үед ямар байсан бэ?
-Яг жилийн өмнө бол харьцангүй гайгүй байсан. Гэтэл энэ жил эрс муудсан. Зарим өдөр гүйлгээ хийхгүй үе ч гарч байна. Иргэд маш бага ирж байна. Гадаа хүнгүй шахуу байгааг чи харж байгаа биздээ. Хуучин бол ийм байдаггүй байсан.
-Таны хувьд хэдэн жил гадаа талбайд зогсож байна вэ?
-Би арваад жил болж байна. Уг нь дотор байдаг байсан одоо гадаа зогсож байна. Жил ирэх тусам улам л худалдан авах чадвар буураад байна. Энэ жил бүр ч их мэдрэгдлээ. Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд хаяаад өөр ажил хийе гэхээр биднийг авах газар ховор юм. Бас олон жил худалдаа эрхэлсэн болохоор даатгалд бага хамрагдсан.
Ч.БОЛОР