“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан, санал солилцож, өөрийн хөрөнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогтоож, төрийн эзэмшлийн хувь, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоожээ.Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан байна. Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулах аж. Тогтоолын төсөл өргөн барьсны дараа Уул уурхайн сайд Р.Жигжидээс цөөн асуултад хариулт авлаа.
-Гацууртын ордын хэдэн хувийг төр эзэмшихээр оруулжж ирсэн бэ?
-Хоёр хоногийн өмнө Гацууртыг стратегийн ордод хамруулсан. Бидний зүгээс төр 20 хувийг эзэмших санал оруулж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдаснаар 20 хувийг төр эзэмших үү, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний татвар аваад явах асуудал нь нээлттэй болох юм. Үүн дээр ажлын хэсэг байгуулж ажиллана.
-20 хувийг ямар үндэслэлээр тооцож гаргасан бэ?
-Хөрөнгө оруулагч талтай ажлын хэсэг гэрээ хэлэлцээр хийсний үндсэн дээр гаргасан. Гацууртын ордыг хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж тогтоосон. Тэгэхээр манай тал 34 хүртлэх хувь эзэмших бололцоотой. 34, 20 гэдэг хувилбараар манай ажлын хэсэг судалгаа хийсэн. 20 хувь нь манай талд эрсдэл багатай гэх дүгнэлтэд хүрсэн. Миний хувьд хувь эзэмшихээсээ илүү тусгай төлбөр аваад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
-20 хувийг төр эзэмшинэ гэхээр 20 хувийн хөрөнгө оруулалтыг манай Засгийн газар гаргана гэсэн үг үү?
-Хамтарсан компани байгуулахдаа 20 хувьд нь Монгол Улсын Засгийн газар 20 хувийн хөрөнгө оруулалт хийнэ. Цаашдаа анхны оруулсан хөрөнгөө нэмэгдүүлэхгүй байхаар компаниас зээл аваад явах боломжтой. Урьдчилсан тооцоогорр 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай компани багуулах тооцоо гаргасан.
С.ОТГОН