Микро автобусныхан тэмцэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Микро автобусныхан тэмцэж эхлэв

Бага, дунд оврын микро автобусыг нийтийн үйлчилгээнд явуулахгүй болж байгаатай холбогдуулан өнөөдөр хувийн тээвэрт явдаг жолооч нар “Нарантуул” олон улсын худалдааны төвд жагсаал хийжээ. Энэ үеэр хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатараас дараах зүйлийг тодрууллаа.

-Та бүхэн өнөөдөр ямар шаардлагаар энд цуглаан зохион байгуулав?

-Сүүлийн арав гаруй жилийн нийтийн тээврийг нуруундаа үүрсэн бага, дунд оврын жолооч нарыг шахаанд оруулаад явахуулахгүй болгож байна. Учир нь Нийтийн тээврээс гаргасан шаардлагын дагуу бид цааш хүн тээвэрлэх болж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бага, дунд оврын микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн. Тиймээс бид өнөөдөр Нарантуул захын зүүн талд буюу өртгөтгөлд цуглаан хийгээд байна.

-Микро автобусыг явуулахгүй болгож байгаа нэг шалтгаан бол техникийн үзлэгтэй холбоотой юу?

-Нийслэлийн тээврээс гаргасан журмандаа бол 2002 оноос хойших тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй гэж заасан байдаг. Энэ дагуу бид бүхэн цаашид микро автобусаар нийтийн үйлчилгээнд явах боломжгүй болж байна. Өнөөдөр олон жолооч банкинд зээлтэй байна. Энэ машинаар өдрийн амьдралаа зохицуулж байгаа хүмүүс олон бий. Тиймээс бид бүхэн энэ шийдвэрээ эргэж нэг хараач ээ. Бидэнд дахин боломж олгооч гэж хүсээд байгаа юм.

-Та бүхэн өөр арга зам хайсан уу. Дотооддоо үйлдвэрлэж байгаа “Эко” тээвэрийг судалж үзсэн үү?

-Дотооддоо үйлдвэрлэж буй автобусныг бидэнд өгөх ямар гарц байна вэ  гэдгийг судалсан. “Номин моторс” салбарынхантай хоёр удаа уулзсан. Албан бичиг өгөөд байгаа. Үүнийг жолооч нартаа танилцуулж байна. Магадгүй бидэнд өгөөжөө өгч, хамтарч ажиллах, цаашид бидэнд хэрэгтэй зүйл гарах болов уу гэж найдаж судалж байна.

-Нарантууул руу хичнээн микроавтобус тээврийн үйлчилгээ эрхэлдэг вэ. Та бүхэн аль аль чиглэлд явж байна. Өдрийн орлого хэр байдаг вэ?

-“Нарантуул” олон улсын худалдааны энэ орчимд бол 500 орчим микро автобус байна. Сүүлийн үед орлого эрс муудаад байна. Бид өдөржин зогсоод 1-2 удаа явах ч тохиолдол гарна. Нарантуулаас гараад Дамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Нисэх, Баянхошуу гээд чиглэл бүрд явж байна. Ер нь бол цагаан сарын дараагаас микро автобусыг явуулахгүй болгох юм билээ. Тэгэхээр энэ шийдвэрээ эргэж нэг хараач гээд Нийслэлийн тээврийн газраас хүсээд байгаа юм.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Г.АРИУНБОЛД.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж