Монголын хөрөнгийн бирж өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Үүдээр нь оронгууд л “Эх орны хишиг” болох 1072 ширхэг хувьцаа, ягаан, цэнхэр тасалбарын талаар асууж сурагласан хүмүүс зөндөө. Монголын “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан нь ийнхүү олны хөлд дарагдах шалтгаан болжээ.
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд нийтдээ 255 удаагийн арилцаагаар 137 компанийн 51,7 сая ширхэг хувьцааг 24,2 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны есөн удаагийн арилцаагаар 375,5 мянган үнэт цаасыг 36,1 тэрбум төгрөгөөр арилцаалж, нийт 60,4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Харин энэ он гарсаар хувьцааны арилжааг нийт 22 удаа зохион байгуулж 1,48 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 61 хувиар өссөн нь иргэдийн үнэт цаасны талаарх ойлголт дээшилсэнтэй холбоотой гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.
Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгохоор төрөөс шийдвэрлэсэн. Харин хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд “Эх орны хишиг”-ээ бэлэн мөнгөөр авсан учир энэхүү хувьцааг олгогдохгүй юм.
Хэдхэн хоногийн өмнө “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-өөс энэхүү хувьцааны талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ “Эрдэнэс таван толгой”-г зургаан тэрбум нүүрсний нөөцтэй гээд энэ компанийн 7,5 тэрбум хувьцаа буюу 50 хувийг нь “Эрдэнэс MGL” компани, 4,5 тэрбум буюу 30 хувийг дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарт зарж үлдсэн 20 хувийг нь нийт иргэддээ эзэмшүүлэхээр тогтсон талаар дуулгаж байв. Харин иргэн бүрт оногдож байгаа энэ хувьцаа нь 420 мянган тонн нүүрстэй тэнцдэг гэсэн сонирхолтой тоо байдаг аж.
Хэдийгээр хүн бүрт энэ хувьцаа байгаа боловч өөрийн нэрийн данс нээлгэж байж хувьцаагаа зарж борлуулах, худалдан авах эрх үүсдэг бөгөөд энэ хоёр өдөрт тухайн дансыг 5000 төгрөгөөр нээж байгаа юм. Дансаа нээлгэхийн тулд тухайн хүн иргэний цахим үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ асран хамгаалагчийн иргэний үнэмлэх байхад л болох аж. Нээлттэй өдөрлөгийн үеэр МҮОНТ-ийн тоймч Р.Гандиймаад “Женко тур Бюро” ХК, “ХайБиОйл” ХК, “МонИнжБар” ХК, “Монгол шилтгээн” ХК зэрэг компаниудын тус бүрийн 300 ширхэг хувьцааг эзэмших эрх олгосон бол Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганд 100 мянган төгрөгөөр хувьцаа худалдан авах эрх олгосон юм.
Энэхүү өдөрлөг өнөөдөр,маргааш хоёр өдөр 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бол өдөрлөгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны компаниуд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцож, үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Т.ДАРХАН