Таван жилийн турш хориотой байсан хайгуулын лиценз олголт өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн. Энэ удаа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо өргөдлийг цахимаар авах, мөн хэн түрүүлж өргөдлөө өгнө, тэр хүнд эхэлж лиценз олгохоор шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар авах ажилд саатал үүсч, зарим талаар хардлага төрүүлээд байгаа юм.
Энэхүү ажилд Уул уурхайн яамнаас ямар хяналт тавьж байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсад анх удаа ашигт малтмалын хайгуулын лицензийг өргөдлийн журмаар өгөхдөө дугаарын эрэмбийг цахимаар тогтоож байгаа. Энэ ажил өнгөрсөн сарын 26-наас эхэлсэн. Өмнө нь ашигт малтмалын хайгуулын лиценз өгөхдөө хүмүүсийг дугаарлуулж, зодолдуулж зарим талаар танил талдаа өгдөг байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл хүний хүчин зүйл их байсан. Энэ гажуудлыг арилгаж, ил тод, шударга байх үүднээс эрэмбийг цахимаар тогтоох ажлыг зохион байгуулж байгаа. Дараалалд орлоо гээд тусгай зөвшөөрөл авчихаж байна гэсэн үг биш. Эрэмбийг тогтоосны дараа зарласан хугацаанд компаниуд хэсэг хэсгээрээ Ашигт малтмалын газарт ирж бүрдүүлсэн материалаа шалгуулаад, шалгуурыг хангасан нь цаашаа явна. Өнөөдрийг хүртэл дөрвөн удаа сонгон шалгаруулалт явуулснаас нэг нь хүчингүй болсон. Учир нь программд нь техникийн асуудал гарснаас зарим компанийн бар код гарч ирээгүй зэрэг шалтгаанаар хүчингүй болгосон. Өнөөдрийн байдлаар 90 аж ахуй нэгжийг бүртгэж авснаас 50 гаруй хувь нь шүүлтээ хийлгээд дараагийн шат руу шилжсэн байна. Аж ахуй нэгжүүдээс ирж байгааа санал гомдлыг хүлээн авч, нэг өнжөөд Уул уурхайн яаман дээр Ашигт малтмалын газрын холбогдох албаны хүмүүсийг дуудаж нөхцөл байдлын талаар судалж, мэдээлэл сонсч байна. Ирэх долоо хоногоос дугаар тараах ажлаа тэлж, илүү олон хүнийг хамруулахаар ажиллаж байна” гэх хариулт өглөө.
С.ОТГОН