УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хилийн боомтын тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ хүрээнд Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгалаа.
Тухайлбал, “чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулна”, “хилийн боомт дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ”, “ гадаадын иргэн, харьяалалгүй хүний визийн байх хугацаа болон визгүй зорчих хугацааг нэг удаад 30 хүртэл хоногоор сунгаж болно” зэрэг саналуудыг гишүүдийн олонх дэмжлээ.
Санал хураалтын шатанд УИХ-ын гишүүн Н.Энхболд визийг хэн сунгах тухай тодруулсан юм.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн тайлбараар чөлөөт бүсийн Захиргаанд гадаадын иргэн, харьяатын байгууллагын төлөөлөл төрийн үүргийг гүйцэтгэж ажиллана. Өнөөдөр тэр байгууллагын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд нэг удаа 30 хоног сунгах эрх зүйн боломж байгаа. Энэ хуулийн хүрээнд визийг сунгах мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэсэн гэв.
Үүний дараа “Чөлөөт бүсэд газар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд дуудлага худалааны анхны үнийг бүрэн төлж барагдуулсны дараа газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгоно” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжлэг авсангүй. Гишүүдийн зүгээс хилийн бүсийн онцлогийг харгалзаж үзэж хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.
Мөн ажлын хэсгээс гаргасан найруулгын шинжтэй 18 саналын томьёолол болон Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа.
Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тухайн асуудлуудаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн тул буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
Г.ДАРЬ