Монголд өдөр бүр жагсаал болдог жишиг тогтов. Ардаа “эзэн”-тэй гэж хардмаар цугларалтууд…
Хоёр хоногийн өмнө бөө нар Ноён уулын лус савдгийг сэрээх ёслолыг Чингисийн талбайд үйлдэж, олны нүдийг хужирласан бол өчигдөр тариаланчид жагссан. Харин өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж, Барилгачдын талбайг эзэгнэв.
2015.02.03. Чингисийн талбай. "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн жагсав
2015.02.04. Чингисийн талбай. Тариаланчид жагсав
2015.02.05. Барилгачдын талбай. Ахмадууд жагсав
Эдгээрээс өмнө, хамгийн сүүлд МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Төрийн ордны баруун талд гэр барьж, “Н.Алтанхуягийн танхим огцор” гэж хашгирсаар санасандаа хүрсэн. Гэтэл ердөө гурван сарын өмнө гудамжинд тэмцэл хийж байсан залуусаас өнөөдөр “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэх мэт томоохон агентлагуудын дарга болчихсон сууж байна. Тэдний зарим нь өчигдөрхөн Төв банкны удирдлагад шаардлага хүргүүлсэн байна лээ. Улсын өр хэд болсон, ам.долларын ханшийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ гэхчлэн жижүүрийн хэдэн асуулт тавьсныгаа, сүр болгон гардуулж байх жишээтэй.
Уг нь бол улсын өр хэд болсон, энэ оны төгсгөлд хэд хүрэхийг МАН-аас Сангийн сайдаар сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын турш улиг болтол ярьсан. Түүнийг нь МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус сонссон л баймаар. Гэтэл заавал төв банкнаас асуух гэж муйхарлаад байгаагийн учир нь юу ч байдаг юм. Тэгээд ч улсын өрийг Засгийн газар, тэр тусмаа Сангийн яам хариуцаж тайлан, тооцоог нь нэгтгэж суудаг. Ам.долларын ханшийн өсөлтийн тухайд ч, төв банктай дан ганц дайн зарлаад буулгачих эд биш.
Засгийн газрын сайд нарын өмнөөс төв банкныхан хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ хийж, Монголд хөрөнгө оруулаач гээд явж байх уу. Үгүй л дээ. Энэ үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Тэгээд ч Засгийн газрын зүгээс доллар босгох гарц хайж, хэд хэдэн чухал хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлснийг нь хүлээж авалгүй буцааж, хэчнээн их цаг алдаж буй билээ.
Долларын ханш өссөний цаад шалтгаан нь бол гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Ужиг урхагийг нь гаргаж ирье гэвэл МАН-ынхан Засгийн эрх барьж байх үед батлагдсан хуулиудтай л холбогддог гэдгийг харин ч нэг сануулмаар санагдлаа.
Нэгд, 2006 онд УИХ-ын гишүүн Н.Батбаяр зөвхөн зэсэнд 68 хувийн татвар ногдуулъя гэсэн хуулийн төсөл санаачилахад МАН-ынхан “Алтыг ч бас хамруулах ёстой. Тэгэхгүй бол наад хуулийг чинь дэмжихгүй” гэж шантаажилсаар дээрх хууль батлагдсан. Үр дүнд нь алтны далд бизнес цэцэглэж, хилийн дээсээр хууль бусаар гадагшлах алтны хэмжээг л өсгөсөн. Хоёрт, 2012 оны УИХ-ын сонгууль болохын өмнө Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай нэртэй хууль УИХ-аар батлагдсан. Автор нь мөн л МАН-ын гишүүдтэй холбогддог. Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Болд нар “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээж мэдэх аюултай төсөл боловсруулагдаж байна, УИХ Засгийн газарт буцаавал яасан юм бэ” гэдгийг анхааруулсан ч “Бид мэдэж байна аа” гээд олноороо хүч түрэн баталсан. Түүний дараа юу болсон, Хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан.
“Урт нэртэй” хуулийг хэн санаачилж батлуулсан билээ, аварга Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарыг нэрлэж болно. Одоо уг хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэхээр бас л хөдлөхгүй, тас гэдийж, хад асга шиг сууцгааж байгаа нь хэн билээ. Тавантолгойн төсөл дээр мөн л талцаж, цаг алдсаар сууж байх жишээтэй.
Ийм нөхцөлд МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус ах нартайгаа тулж ажиллаж, ам.долларын ханшийг тогтворжуулах арга хэмжээ аваач ээ гэж асуудал тавибал байгаа онох биш үү.
Өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавин жагслаа. Ард нь УИХ дахь МАН-ын бүлгийн нөхдүүд л сууж байгаа шүү дээ. Хэд хоногийн өмнө Н.Номтойбаяр нарын гишүүд “Тэтгэврийн зээлийг хүүг бууруулж, сар шинийн өмнө ахмадууддаа сюрприз барина” гэж хэвлэлээр нилээд ярьсан. Зээлийн хүүг бууруулахад бодитой судалгаа хийж, шийдэх ёстой болохоос сэтгэлийн хөөрлөөр ханддаг асуудал биш. Цаг үе нь мөн үү, үгүй гэдгийг ч бас бодолцох ёстой. Тэр тусмаа ийм боломж байгаа юу гэдгийг банкныхнаас та нар асууж үзсэн үү. Үгүй л байх.
Яагаад гэвэл, төгрөгийн ханшийг хамгаалахын тулд өнгөрсөн сард төв банк бодлогын хүүгээ нэмсэн. Бодлогын хүүг дагаж, зээлийн хүү өсөх үү, буурах уу гэдэг дүрэм үйлчилдэг. Хэрвээ бодлогын хүү өндөр үед тэтгэврийн зээлийн хүүг буулгах аргыг хүчээр хийх юм бол эргээд татвар төлөгчдийн мөнгөөр л зөрүүг нь нөхөх зам руу явна. Ийм боломж өнөөдөртөө байхгүй. Байлгая гээд хүчээр энэ аргыг хэрэгжүүллээ гэхэд бор зүрхээрээ зүтгэж яваа татвар төлөгчдийн мөнгөнөөс нөхөхөөс аргагүй болно.
Банк буяны байгууллага биш болохоор “Н.Номтойбаяр гишүүн ямар сайхан санаачлага гаргаа вэ, дэмжье” гэхгүй. Харин ч МАК компани зөрүүг нь төлөх юм уу гэж асууж мэднэ. Ийм асуудлуудыг наанатай цаанатай бодохгүйгээр “шоу”-даад байвал ядарсан иргэдийнхээ зовлон дээр зовлон л нэмэхээс цаашгүй. Улс орон, төр засгийн ажлыг мөрөөр нь хийлгэмээр байна.
Г.ДАРЬ