Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 13

Черногория улс байгуулагдсаны баяр

Тусгаар тогтносон Черногория улс 1878 онд хүлээн зөвшөөрөгджээ. Черногория улс байгуулагдсаны өдөр (Montenegro National Day)  эртнээс тус орны цорын ганц улсын хэмжээний баяр юм. Энэ өдрийг хоёр шалтгаанаар сонгожээ. Нэгдүгээрт 1878 оны долдугаар сарын 13-нд Берлины конгресс Черногорийг дэлхийн 27 дахь тусгаар тогтносон орон гэж үзсэн юм. Үүнээс гадна 1941 оны энэ өдөр Черногорид Италийн булаан эзлэгчдийн эсрэг бослого гарчээ. Эхлээд Черногория нь Сербийн Немановичийн улсын хэсэг байсан ба Сербийг  Османы эзэнт улс эзэлсний дараа тэрээр тусгаар тогтносон боловч тэдэнд эзлэгдсэн байлаа.

Үйл явдал

1793 ОН: Парист Францын агуу хувьсгалын удирдагч нарын нэг Жан Поль Маратыг хутгалан хөнөөжээ.

Өдрийн ишлэл

" Би олон мянган хүний амийг аврах гээд нэг хүнийг хөнөөсөн юм”
 (алуурчин эмэгтэй Шарлотта Корде 1793 оны энэ өдрийн үйлдлийнхээ талаар хэлсэн үг)
Энэ улс төрийн аллагын гүйцэтгэгч нь хамгийн хүмүүнлэг үзэл санааны үүднээс үүнийг хийжээ. Марат бол өөрөө террорын үзэл сурталтан байсан ба хувьсгалын ялалтын төлөө 200 хүний толгойг авах ёстой гэж ярьдаг байлаа.

Жан-Жак Оэр. Шарлотта Кордегийн хөрөг. Шоронд цаазлагдахаас нь өмнө зуржээ

Шарлотта Корде “ард түмний найзын” үхлээр террор төгсөнө гэж найдаж байсан юм. Гэтэл харин өөр том террор хүлээгдэж байжээ. Тэр үйл ажиллагааны явцад ямар нэгэн шүүхгүйгээр зүгээр ёс суртахууны үүднээс гээд 1373 хүн толгойгоо хяргуулсан байлаа. Сая сая хүнийг аврахын тулд 500-600 урвагчийг устгах хэрэгтэй гэж Маратын ярьж байсантай Шарлоттагийн хэрэг үйлдэх шалтгаан нь төстэй байжээ.

1837 ОН: Хатан хаан Виктория Букингемын ордонд амьдарч эхэлсэн Английн анхны хаан болжээ. Букингемын ордон нь 1703 онд герцог Букингемд зориулагдан баригдсан тэрний гэр байв. Уг ордонг 1762 онд III Георг хаан өөрийн өргөө болгон ашиглахаар авчээ. Дараагийн 75 жилд нь уран барилгач Жон Нэш ба Эдвард Блор  хоёр ордон тойруулан гурван  нэмэлт жигүүрийг бариулсан байна. Виктория хатан хааны хаан ширээнд суусан 1837 онд уг ордонг хааны өргөө гэж албан ёсоор зарлажээ. Одоо уг ордон 600 тасалгаатай бөгөөд 20 гектар талбайг эзэлдэг, түүний 17 гектар нь цэцэрлэг юм.  Мөн тэнд Рембрандт, Рубенс зэрэг цуут зураачдын бүтээлийн зургийн том галерей байдаг. Цуглуулгад нь франц севрын шаазан, франц, англи тавилга байдаг.
Зуны хоёр сард хатан хаан Букингемын ордныг орхин өөр өргөөндөө амьдрах үеэр ордон өргөн олон нийтэд нээлттэй байдаг.

1871 ОН: Лондон хотын Болор шилтгээнд дэлхийд анхных болох муурны үзэсгэлэн нээгджээ. Тэр үзэсгэлэнг Гаррисон Уэйр гэдэг амьтны зураач зохион байгуулсан байна. Мөн тэр өөрөө шилдэг муур шалгаруулах дүрэм горимыг бий болгожээ. Анхны үзэсгэлэнд нь 25 үүлдрийн 170 муур оролцсон байв. Нэг тахир дутуу муур байсан нь “тулаанд” хөлөө тасдуулсан шотланд муужгай байсан гэдэг.
Уэйр , түүний дүү Жон, биологи сонирхогч лам Жон Макдоналд нараас бүрэлдсэн шүүгчид шилдгүүдээ  шалгаруулсан байна. Тухайн цагтаа сонин хэвлэл энэ үзэсгэлэнг л эхний нүүртээ бичиж байлаа. Өнөөг хүртэл оршин тогтнож байгаа мууранд хайртай хүмүүсийн анхны клуб 1887 онд байгуулагджээ. Хожим олон улсын холбоо нь Европт байгуулагдаж байлаа.
 
1923 ОН: Лос-Анжелесийн уулын энгэрт  «Hollywood»  гэсэн цуутэй үсгүүд гарч иржээ. Тэр нь эхлээд  Hollywoodland  гэж бичигдсэн кинотой огт хамаагүй зөвхөн орон сууцны шинэ хорооллын реклам байжээ. Маунт-Ли ууланд энэ бичгийг байрлуулахаар захиалсан «Лос-Анджелес таймс» хэвлэлийн газрын эзэн Гарри Чандлер 21 мянган ам.доллараар түүнийг бүтээлгэж байлаа. Шөнө нь түүнийг цахилгаан гэрлээр гэрэлтүүлж өдөр нь бичиг 40 км-ын цаанаас харагддаг байжээ. 1949 онд түүнд засвар хийлгэхдээ сүүлийн дөрвөн үсгийг нь хураасан юм. Анх бүтэн хагас жилийн хугацаатай хийлгэсэн энэ үг тэндээ байсаар Лос-Анжелесын бэлгэдэл болжээ. Энэ үгийг 1973 онд үндэсний түүхэн хөшөө дурсгалд оруулан тооцжээ. Одоо Холливудын худалдааны танхим уг үсгийн арчилгааг хариуцдаг. 1970-аад оны сүүлчээр үсэг хуучирч 1978 онд түүнийг буулгасан байлаа. Мөн тэр жил «Playboy» сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерын толгойлсон сан их засвар хийх мөнгийг цуглуулж чадсан байна. Үсэг бүрийг нь бэлтгэхэд 27,5 мянган ам.доллар зарсан гэдэг. Их засварын бүх зардлыг хувь хүний хандиваар босгосон байна.

1930 ОН: Одоогоос 80 жилийн өмнө түүхэнд анхных болох дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн Урагвайд эхэлжээ. Энэ орны шигшээ баг 1928 оны Амстердамын зуны VIII Олимпийн тоглолтод  ялсан учир Урагвайд уг тэмцээнийг явуулахаар болсон байна. Энэ тэмцээнд зориулан Монтевидео хотод шинэ цэнгэлдэх хүрээлэн бариад тусгаар тогтнолынхоо ойн нэрээр «Сентенарио» буюу «зуун» гэж нэрлэсэн байв. Бүх зардлыг Урагвай өөрөө хариуцсан гэнэ. Тэмцээнд Франц, Югослав, Румын, Бельги, Перу, АНУ, Аргентина, Бразили, Боливи, Чили, Мексики, Парагвай, ба Уругвай зэрэг орнуудын 13 баг оролцсон байна. Хамгийн анхны тоглолт Франц, Мексикийн хооронд явагдан анхны гоолыг Францын довтлогч Люсьен Лоран эсрэг талынхаа хаалганд оруулсан юм. Долдугаар сарын 30-нд шөвгийн тоглолт болон Урагвайн баг Аргентины багийг 4:2 харьцаатайгаар хожин дэлхийн анхны аварга болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж