Н.Номтойбаяр тариаланчдын асуудлаарх ажлын хэсгийг ахална

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр тариаланчдын асуудлаарх ажлын хэсгийг ахална

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Мөн энэ ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг ахалж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Засгийн газар, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийн хооронд өрнөсөн маргаан шийдлээ олж чадахгүй эцэстээ жагсаал цуглаандаа хүрсэн. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ гурван талыг байлцуулж сонсгол хийсэн. Маргаантай асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Юун түрүүнд батлагдаад 10 гаруй жил болсон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, алдааг оноог нь шүүн тунгааж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлохоор болсон. Үүн дээр үндэслэж шинээр бодлогын баримт бичиг боловсруулах юм" гэлээ.

Энэхүү ажлын хэсэг тариалан эрхлэгчид, салбарын яамдын дунд  яригдаж байгаа өөр өөр тоон мэдээллийг нэг мөр болгох, зөрүүтэй ойлголтуудыг цэгцлэхээс ажлаа эхлэх юм байна. Мөн дэд ажлын хэсэгт яамны газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Тариаланчдын холбоо, Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг багтаажээ. Ажлын хэсэг дүнгээ 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан байнгын хороонд танилцуулах аж.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж