Тавантолгойг чөдөрлөхөө больё

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойг чөдөрлөхөө больё

Монголын ард түмэн "нэгдүгээр зам"-ыг сонгожээ.  Санал асуулгад оролцогчдын  олонх буюу 56.1 хувь нь газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжив.

Харин Монголын улстөрчид, УИХ ямар замыг сонгох вэ гэдэг сонирхолтой асуулт зүй ёсны анхаарал татаж байна. Учир нь тэдний сонгосон зам эдийн засгаа борцлох уу, тэлэх үү гэдгийг шийдвэрлэх болохоор тэр юм.   

Одоо болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс харахад, манай парламентад эдийн засгаа борцлох хоёрдугаар замыг сонгох сонирхолтой улстөрч цөөнгүй байгаа бололтой. Тавантолгойг тойрсон улс төрийн өрнөлүүд, хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад энэ төсөл нурж унах эсэх нь 50:50 харьцаатай байна.

Иргэн хүнийхээ хувьд би нэгдүгээр замыг сонгосон. Яагаад гэвэл Оюутолгой, Тавантолгойг ашиглахгүйгээр Монгол Улс хөгжих боломжгүй юм. Монголчууд юуны түрүүнд  байгаа  боломжиндоо түшиглэж, мөнгө олох хэрэгтэй. 

Үгүй бол ОУВС-гийн шахалтаар хүссэн, хүсээгүй эдийн засгаа хумихаас аргагүй болно.

Ийм хүнд сонголтод хүрэхгүйн тулд баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах зөвшөөрлийг ард түмэн Засгийн газарт олгосон хэрэг. . .

Харамсалтай нь, Тавантолгойн  төслийг гацаах сонирхол саарал ордонд өдөлж, их, бага хэмжээгээр хувь хүртэх гэсэн улстөрчдийн  шунал хүсэл Монголын хөгжлийг гацаах хэмжээнд аваачиж магадгүй байна.

Тавантолгой бол мега төсөл гэдгийн дахин, дахин онцлох нь зөв биз. Энэ мега төслийн хүрээнд Монголд орж ирэх их мөнгөний үнэрт тачаадсан Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хэдийнээ эсрэг хөдөлгөөнд оржээ. Тэдний гол зорилго нь Тавантолгойгоос хувь хүртэх. Чадахгүй бол “би биш бол чи биш” гэх монгол хүний  атаархуу зан эндээс үнэртээд байх шиг. 

Нөгөөтэйгүүр, Тавантолгойг улстөрчдийнх нь шуналаар зогсоох сонирхол хэнд байна вэ гэх нэг асуулт байна.  Их хэмжээний долларын ашгийг Монголд авчрах энэ мега төслийг улстөржүүлж гацааснаар хэнд ашигтай байх бол гэсэн бас нэгэн асуудал сөхөгдөнө. Энэ бүгдэд хариулах гээд оролдоод үзье.


Дэлхийн нүүрсний зах зээлд Монгол хүчтэй өрсөлдөгч.  Эрчим хүчний том зах зээлийн хажууханд оршдог, нүүрсний чанар, нөөцийн хувьд дэлхийд дээгүүрт  жагсдагийн хувьд Монголын өрсөлдөгчид олон.  Ялангуяа Хятадтай бүх талын стратегийн түншлэлийн харилцааг өндөр төвшинд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа  илэрхийлэх болсон манай хойд хөрш бол дэлхийн нүүрсний салбарт бидний гол, томоохон өрсөлдөгчдийн нэг.

Нүүрсний нөөцөөрөө  дэлхийд хоёрт ордог ОХУ-гийн зүгээс Монголын нүүрсний томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удах тусмаа тэдэнд эерэгээр нөлөөлөхийг үгүйсгэмгүй.  Тиймээс ч тэдний зүгээс ил далдаар энэ талын сонирхлоо хэрэгжүүлж байхыг хэн мэдлээ. Учир нь тус улсын хувьд баялгийнх нь гол худалдан авагч нь өнөөдөр Хятад болсон. Хятад, Оросын харилцаа  түүхийн хамгийн таатай үе шатандаа ирээд байгааг ч хэлэхгүй өнгөрч боломгүй.  Их гүрнүүд  бүх л салбарт стратегийн  түншлэлийн харилцааг өндөр төвшинд хүргэх хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж, улам гүнзгийрүүлэх болсон энэ үед бид тэднээс яагаад хоцрох ёстой гэж. Монголд баялаг байна, бас боломж нь  байна.

Дэлхийд нүүрлэж байгаа эдийн засгийн дайнд хэрэвзээ Монгол “амьд” үлдэе гэвэл Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах нэгдүгээр замыг бүгдээрээ дэмжихээс аргагүй. Үгүй бол  үнс болсон нүүрс,  хог болсон алтан дээр суусан гуйлгачин хэвээрээ үлдэхээс яая гэхэв. Үүнийг хүсээгүй бол Тавантолгойгоо ч Оюутолгойгоо ч явуулах хэрэгтэй. 

Монголын Засгийн газраас төмөр замын асуудлыг хөндөх бүрт манай улстөрчдийн оролцоо ихэсдэг.

Цариг нь өргөн үү, нарийн уу гэсэн зөвхөн энэ ганц асуудлаас болоод бид зургаан жилийнхээ хөгжлийн боломжийг алдсан. Боломж хүний амьдралд ч улс орны хөгжилд олон тохиогоод байдаггүй юм.

Манай өрсөлдөгчдийн зүрхэнд шар ус хуруулаад байгаа Тавантолгойд олборлолт, тээвэрлэлт, боруулалт хийх стратегийн хөрөнгө оруулагч бол хамгийн зөв, хамгийн сайн шийдэл гэдгийг эдийн засагчид онцолж байна. Ялангуяа нүүрсний үнэ унасан, цаашдаа ч дэлхийн зах зээлд өрсөлдөөн ширүүсч байгаа нөхцөлд  Хятад, Япон, Монгол гэсэн хувилбарыг сонгосноороо бид алдаагүй, харин хожсон ч байх магадлалтай. Учир нь Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх гүүр нь Японы “Сумитомо”, хөл нь Хятадын “Шэнхуа” байх юм.

Тавантолгойг улстөржүүлэх болсон гол шалтгаан нь үндэсний компани буюу “Энержи ресурс" гэж харагдаж байгаа. Гэвч яагаад энэ компанийг хөрөнгө оруулагчид санал болгосон гэдгийг М.Энхсайхан сайд ярилцлага өгөх бүртээ  маш ойлгомжтойгоор тайлбарлах болсон.  Яг одоо бол компанийн засаглалын хувьд ч тэр хөрөнгө оруулагчидтай нэг хэлээр ярьж чадах үндэсний компаниудаа дэмжих, цаашлаад дэлхийн хэмжээний компани төрүүлэх  ховорхон боломж гарч ирж байна.  Үнэндээ  том төслөөс хөлжих гэсэн Монголын улс төр, бизнесийн бүлэглэлийн зодоон эцэстээ эдийн засгийг ямархуу байдалд оруулсныг харцгаа. Саарал ордонд дэглэгддэг, төлөвлөгддөг улс төрөөс болж Монголын олон боломж салхинд хийслээ шүү дээ.

Тиймээс  улсынхаа нэр хүнд, эдийн засгийг хөгжлөө бодсон ч энэхүү мега төсөлд гай бололгүйгээр зай тавиад өгчихвөл өнөөдрийн парламентын эдийн засагт оруулсан томоохон гавъяа нь энэ болох биз. Үнэндээ З.Энхболдын танхимын өнгөрсөн гурван жилийн ажлыг нь эргэн харахад  хэлэлцэж, хийснээсээ хэрэлдсэн өдрүүд нь олон байгаа шүү.

Тавантолгойг тойрсон улс төр цаашдаа засгийн хувь заяанд нөлөөлөх хэмжээний том  асуудал үүсгэж болзошгүй байгаа ч чухам үнийг цөөхөн үгээр хэлэхэд одоо монголчууд сонголтоосоо ухрах эрх байхгүй юм.

 Хийсэн наймаа болгосноосоо ухардаг, буцдаг бизнесментэй хэн итгэж, түншлэх билээ.  Өнөөдөр шийдвэрлэсэн асуудлаасаа, өчигдөрхөн баталсан хуулиасаа буцдаг, муридаг муухай зан монголчуудад бий. Нэг тендер зарлалаа гэхэд маргааш нь хэн нэгэн албан тушаалтан төрийн нэрийн өмнөөс цуцлах нь энгийн үзэгдэл болсон. Ийм атлаа бизнесийн орчингоо сайжруулна гэж ярих нь ч илүүц хэрэг. Тэгэхээр эхлээд зангаа засъя. Дараа наймаагаа яръя. Наймаалцсан бол түүнийгээ явуулъя.

“Рио Тинто”-той хэл амаа ололцож чадахгүйгээсээ болоод Монголын нэр хүнд дэлхийд навс унасан. Хэрэв одоо Тавантолгойн хэлэлцээг зогсоовол та, бидэнтэй хэн наймаа хийх бол. "Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан" харагдахыг хүсээгүй бол Тавантолгойг чөдөрлөхөө боль, улстөрчид өө. Та бүхний эрх ашгаас илүү улс орны нэр хүнд гэж нэг том асуудал цаана нь хөндөгддөг юм шүү.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж