"Монголын ахмадын холбоо", "Шударга хүү хөдөлгөөн"-ий гишүүд, дэмжигчид буюу өндөр настангууд өнөөдөр тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардан, Барилгачдын талбайд жагсаал хийлээ.
Сарын 1.6, жилийн 18 хувийн хүүтэй олгогдож байгаа тэтгэврийн зээлийн хүүг 50 хувиар бууруулахыг ахмадууд төр засгаас шаардлаа. Ахмадууд "Нийгмийн даатгалын гаж тогтолцоог засч, зээлийг хүүг бууруулъя, Банкуудын байшин томорч, ахмадын гэр нурах нь, хүүлдэг хүүтэй бус асардаг хүүтэй болмоор байна" зэрэг шаардлага бүхий лоозонг барьсан байлаа.
Чингэлтэй дүүргийн иргэн М.Доржпалам "Сар шинийн баяр дөхөөд бүх ахмадууд тэтгэврийн зээл авч байна. Гэтэл арилжааны банкууд зээлийн мөнгөнөөс шууд 18 хувийн хүүг суутгаад авчихаар үнэндээ ахмадууд хохирч байна. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг яаралтай бууруулах шаардлагатай байна" гэж байр сууриа хуваалцлаа.
"Шударга хүү хөдөлгөөн"-ий тэргүүн С.Зоригтбаатар "Өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээлтэй 190 мянган ахмад настан байна. Нийгмийн даатгалын санд нэг их наяд төгрөг эргэлдэж байдаг. Үүний 640 тэрбум төгрөг жилийн 11 хувийн хүүтэйгээр хадгалагдаж байгаа. Энэ мөнгийг ахмадуудад 11 хувийн хүүтэй өгөхийг хүсч байгаа” гэдгийг жагсаалын үеэр илэрхийлж байлаа.
Д.ЖАРГАЛ