Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ. Түүний үргэлжлэл болсон чухал арга хэмжээ өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх гэрээг “Эрдэнэт технопарк” компани, “Дархан үйлдвэрлэл технологийн парк” компанийн удирдлагуудтай тус, тус байгууллаа.
Улсын хэмжээнд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан дөрвөн аж ахуйн нэгж байдгийн хоёр нь дээрх компаниуд аж. Гэрээ байгуулагдсанаар тус компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна гадаад, дотоодоос хөрөнгө татах эрх хууль эрх зүйн хүрээнд нээгдэж байна. Энэ нь Монгол Улсын хувьд олон жилийн мөрөөдөл болж, зүтгэж ирсэн аж үйлдвэрийн паркийг жинхэнэ утгаар хөгжүүлж, импортыг орлосон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгоход хөшүүрэг болох төдийгүй цаашлаад экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэнэ гэж талууд үзэж байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гэрээ байгуулсан зорилгоо “Монгол Улсад аж үйлдвэрийн томоохон төвүүд, импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үнийн зөв зохицолтой, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг буй болгох, нэг нутаг дэвсгэрт хамтран ажиллаж байгаа аж үйлдвэрүүд, хөнгөн, хүнд үйлдвэрүүд хамтын итгэлцэл дээр, хамтын бүтээгдэхүүн нийлүүлэх гарцыг нээж өгөхийн тулд энэ ажлыг эхлүүллээ. Энэ гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан нь, энэ хугацаанд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч, харилцан ойлголцол бий болж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг, илүү тууштай, зөв зохион байгуулалттай, нэгдсэн кластерын системд орж ажиллах үр дүнд хүргэх зорилт тавьсантай холбоотой” гэж онцлов.
Энэ үеэр бид “Эрдэнэт технопарк” компанийн Үйлдвэрлэл технологийн паркийн гүйцэтгэх захирал Б.Баатарчулуунаас дараах тодруулгыг хийлээ.
-Гэрээнд гарын үсэг зурсанаар ямар боломжууд нээгдэж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркт шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэл технологийн паркийг кластерийн зохион байгуулалтад оруулж, хөгжүүлэх. Импортыг орлох, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар дотоодын бүтээгдэхүүнд эзлэх үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Дээр нь тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт эдэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломж бүрдлээ.
-Паркийг байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардаж байна вэ, татвараас өөр төрлийн дэмжлэгийг төр үзүүлэх үү?
-Паркийг байгуулахад төрөөс үзүүлэх дэмжлэг нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Эрдэнэт хотын хувьд бусад аймгуудтай харьцуулахад, үйлдвэрийн технологийн паркийг хөгжүүлэхэд харьцангуй дэд бүтэц хөгжсөн газар. Эрдэнэтийг байгуулахдаа анх үйлдвэрийн район гэж төлөвлөсөн. Тэр райондоо паркаа байгуулж байна. Бид өнгөрсөн хугацаанд орон нутгийн хөрөнгө оруулалтаар паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө хийлгээд ажлын зургандаа орчихсон явна. Дэд бүтцийг өргөтгөж сайжруулахад ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг нэмэлт оруулах шаардлагатай байгаа.
-Ямар чиглэлийн парк байх юм?
-Хосолсон парк байна, манайх. Хүнд аж үйлдвэр гэдэг нь металлургын үйлдвэрлэл. “Бэрэн групп” гээд сонссон байх, ган хайлуулж эхэлсэн. Монголдоо анх удаа баяжмалаас ган хайлуулж эхэлж байгаа нь барилгын арматур, бусад төмөр хийцүүдийг үйлдвэрлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм. Түүнийг боловсруулдаг үйлдвэр манайд 5-6 жижиг үйлдвэр бий. Мөн хөнгөн үйлдвэрүүд бий, арьс шир, ноос ноолуур, оёдлын үйлдвэрүүдийг нэрлэж болно. Дээр нь барилгын материалын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл гээд бүх л салбар хамаарч байгаа.
Г.ДАРЬ