Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаар эвслийн бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаар эвслийн бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа.

 

 

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5; Төрийн байгуулалтын байнгын хороо 6; Төсвийн байнгын хороо 8; Эдийн засгийн байнгын хороо 7; Хууль зүйн байнгын хороо 6; мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35; Монгол Ардын намын бүлгээс 12; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгожээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас 8 санал тусгайлан ирүүлсэн байна.

 

Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд; УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд; өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзлээ гэдгийг дурдав. Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байна. Түүнчлэн УИХ одоогоор бие даасан хууль 6, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 34, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хууль 7, Улсын Их Хурлын 55 тогтоол хэлэлцэж батлаад байна гэдгийг тэрээр нэмж тодотгосон юм.

 

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Р.Амаржаргал, Л.Болд, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Н.Энхболд, Ё.Отгонбаяр, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж тодруулав. Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн асуултад хариулахдаа, энэ оны 1 дүгээр сарын 20-нд хууль санаачлах эрх бүхий субьектүүд, намын бүлгүүдэд албан бичиг явуулсан. Гол нь өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг жагсаалтад оруулах зарчим барьсан. Тухайлахад, АН-ын бүлгээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар 35 төсөл ирүүлснээс 19 нь өргөн мэдүүлэгдсэн байна, үүнээс 6 төслийг жагсаалтад оруулсан. Харин МАН-ын бүлгийн 12 төслөөс 9 нь өргөн мэдүүлэгдсэн, үүнээс 5-ыг нь жагсаалтад оруулсан бол “Шударга ёс” эвслийн бүлэг 29 төсөл санал болгосноос 4 нь өргөн мэдүүлэгдсэн, үүнээс 2 төслийг жагсаалтад оруулсан.

 

УИХ-ын гишүүд, нам, эвслийн бүлгүүд, Ерөнхийлөгч, Засгийн газраас санал болгосон зарим хуулийн төслийг жагсаалтад нэмж оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар байнгын хороо санал хурааж шийдвэрлэсэн. Санал болгосон бүх төслийг жагсаалтад оруулах боломжгүй. Жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийн ач холбогдлыг харгалзан тухай бүрт нь даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд “Бусад” гэсэн ангилалд оруулж хэлэлцээд явах бололцоотой гэдгийг хэллээ.

 

 

Харин тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа тус эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ илэрхийлсэн юм. Ингээд Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

 

Дараа нь Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэжээ.

 

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Лүндээжанцан, Д.Арвин, Г.Баярсайхан нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, урьд нь эдийн засгийн, худалдааны гэсэн чөлөөт бүсүүд тус тусдаа хуультай, эрх зүйн өөр өөр зохицуулалттай байсныг хуулийн шинэчилсэн найруулгаар нэгдсэн нэг хуультай, нэгдсэн бодлого, зохицуулалттай байхаар тусгаж өгсөн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар чөлөөт бүсэд казино байгуулахыг зөвшөөрсөн байгаа. Харин хуулийн шинэчилсэн найруулгад казино гэсэн нэрээр биш бооцоот тоглоом гэсэн нэрээр орсон тул Казиногийн тухай хууль батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарахгүй гэдгийг хэллээ. Мөн чөлөөт бүсэд газар олголтыг ямар хугацаатай, ямар нөхцөлтэй олгохыг энэ хуулиар зохицуулсан байгаа гэлээ.

 

 

Чөлөөт бүсэд газрыг дур мэдэн худалдах асуудал их байгаа талаар зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байв. Энэ талаар “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчид тухайн чөлөөт бүсэд одоогоор нэг ч га газрыг иргэд, аж ахуйн нэгжид олгоогүй байгаа гэдгийг хэллээ. Харин “Алтанбулаг” чөлөөт бүсийн тухайд газрыг худалдах биш хэсэгчилсэн хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх ашиглуулах гэрээ байгуулсан. Одоогоор энэ бүсэд 120 аж ахуйн нэгжид 190 га газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлж байгаа гэдгийг ажлын хэсгээс нэмж хариулсан юм. Харин Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү чөлөөт бүсэд газар худалдсан явдал байхгүй, бүх газар төрийн мэдэлд байгаа. Энэ хуулиар чөлөөт бүсийн газрыг худалдах, түрээслэхийг бүрмөсөн хаасан байгаа гэсэн хариулт өгөв.

 

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах байсан ч УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс маш олон санал гарсан байна, нөгөөтэйгүүр чөлөөт бүсэд орон сууц барих зөвшөөрөл олгосон тухай яриа ч байна. Иймээс хуулийн төслийг Засгийн газарт буцаагаад ажлын хэсгээс дэмжсэн саналуудыг төсөлд тусган дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй юм” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Харин энэ талаар Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан 51 санал байгаа. Энэ хуулиар чөлөөт бүсэд орон сууц барих тухай асуудал байхгүй. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэлээ дэмжих үүднээс чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай байгаа тул ажлын хэсгийн саналаар санал хурааж хуулийн төслийг хэлэлцээд явах нь зүйтэй юм” гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулган үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж