Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг “Долоо хоногийн тойм” буландаа онцолж байна.
Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ хүлээн авсангүй
Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг хөгжүүлэх сангийн зээлийг эхнэрийнхээ компанид олгосон, УИХ, Засгийн газрын гишүүний хамаарал бүхий компанид мөн сангаас зээл олгож, эрх мэдлээ хэтрүүлсэн үндэслэлээр УИХ өнгөрсөн мягмар гаригт (2018.11.06)Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцрууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь түүнийг чөлөөлөхийг дэмжиж, кноп дарсан.
Огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр хөндсөн гол асуудал нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийг алагчлалгүй хариуцлага тооцох тухай байлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газар танхимаа авч үлдэхийн тулд Б.Батзоригийг золионд гаргалаа” гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Танай намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд баахан хүн зээл авсан байна. Намын даалгавар уу, Засгийн даалгавар уу. Ганцхан хүнд хариуцлага үүрүүлмээргүй байна” хэмээн мэдэгдсэн юм.
Харин эрх баригч намын гишүүн Ж.Мөнхбат “Энэ бол нэг сайдад хариуцлага тооцоод, өргөдөл аваад өнгөрөх ажил биш. Ард түмний дунд дургүйцлийн гал асч байна. Үүнийг хувинтай усаар унтраана гэж байхгүй” гэж хэлсэн нь нэг хүнээр гал унтрахгүй гэдгийг сануулав.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар зургаан ч хүнийг баривчилсан байгаа бөгөөд прокурорын байгууллагаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг гаргасан ч УИХ хүлээн авсангүй.
Эл асуудлыг хэлэлцэх үеэр УИХ, Засгийн газрын гишүүн Ерөнхий прокурор хоёрын дунд ширүүн мэтгэлцээн ч болсон. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрэмбэ алдагдсан байна. Улсын ерөнхий прокурор таныг УИХ-ын гишүүд бид томилсон. Ард түмнээс сонгогдсон хүмүүстэй хүндэтгэлтэй хандаж харилцах ёстой” гэж зиндаархсан бол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал нь бусад хүмүүсийнхээ хамтаар цагдан хоригдчихсон байхад шийдвэр гаргасан хүн нь энд сууж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр” хэмээн мэдэгдэж байв.
Шатахууны үнийг бууруулахыг шаардаж гороолов
Энэ онд шатахууны үнэ хэд дахин өссөнөөр 2000 төгрөг даваад байгаа. Засгийн газар нефтийн үнийг тогтворжуулах алхам хийхгүй байна гэж үзэн, автомашинтай иргэд дуут дохигоо хангинуулан гурав хоногийн турш Төрийн ордныг гороолж, эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд нефтийн үнийг нэг литр тутмыг нь 1500 төгрөг болгох шаардлага тавин Засгийн газарт хандсан байгаа. Шаардлагын хариуг маргааш Засгийн газар өгөх ёстой юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар нефть боловсруулах үйлдвэртэй болоход анхаарал хандуулан ажиллаж байна. Нефтийн үнийг хүчээр бууруулах боломжгүй” гэдэг байр суурийг өмнө нь мэдэгдсэн. Иймээс жагсаал зохион байгуулагчдад өгөх хариу бараг тодорхой гэж хэлж болно. Гэхдээ тэд эрх баригч нам нефтийн үнийг бууруулах арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж мэдэгдээд байгаа.
Төрийн ордныг гороолсон энэхүү жагсаалын үеэр жижиг худалдаа эрхлэгчдийг төлөөлөн нэгэн эр нүцгэлж, Зөрчлийн хуулийг эсэргүүцсэн. Тэрбээр “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийг яаралтай залруулах арга хэмжээ ав” гэсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Монгол бахархлын өдөр тохиов
Өнгөрсөн пүрэв гаригт өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож, Монгол түмэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдөр бүх нийтээр амардаг уламжлалтай тул амралтын хоёр өдрийг оруулаад дөрвөн өдөр амарч байна.
Өнөө жил Монгол бахархлын өдөр “Чингис хаан” одонг гардах хүн байгаагүй нь олон хүнийг гонсойлгосон.
Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газрынхны үнэлэмжид л нийцэх хүн байгаагүй болохоос Монголын бахархал болсон, Чингис хаан одонг хүртэх гавьяатай хүн олон бий гэж ярилцаж байна.
Монгол бахархлын өдөр буюу арваннэгдүгээр сарын -нд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Холбоотой мэдээ