Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн өнөөдөр Фүкүока хотод эхэлнэ. Оны сүүлийн Кюүшюү башёг эхлэхээс өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бэртэл авч улмаар өнжихөөр болсон. Тэгвэл аваргуудаас Кисэносато барилдах бөгөөд түүнийг түрүүлэх боломжтой гэж таамаглаж эхэллээ. Гэхдээ түүний өрсөлдөгчид озэки Гоэйдо, Точиношин, сэкивакэ Митакэүмигээс эхлэн олон бөхчүүд бий.
Манай бөхчүүдээс дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Такаинова Б.Баасандорж, Чиёошёома Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр нарын дөрвөн бөх барилдах бөгөөд макүшитад найм, хамгийн доод зиндаа буюу санданмэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын гурван бөх бий.
Өнөөдрийн барилдаанд аварга Кисэносато комүсүби Такакешотой, озэки Гоэйдо Хотутофүжитэй оноолт таарчээ. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Точиношинтой, Ичиножёо А.Ичинноров Нишикигүтэй барилдана. Мөн Такаинова А.Баасандоржийг Асанояма, Араваши Э.Дөлгөөнийг Даиамами хүлээж байна.
Энэ оны сүүлийн Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 25-ны өдөр өндөрлөнө.
Холбоотой мэдээ