Испаничууд эх орондоо очлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Испаничууд эх орондоо очлоо

Хөлбөмбөгийн агуу наадам өндөрлөж, түүхэндээ анх удаа дэлхийн аваргын цом хүртсэн Испанийн шигшээ багийнхныг эх оронд нь баатрын хэмжээнд угтан авчээ. Хэдэн арван мянган хүмүүс даваа гаригт Мадрид хотын гудамжийг дүүргэн цуглаж, дэлхийн оргилд гарсан шигшээ багийн тамирчдаа халуун дулаан уур амьсгал дунд угтсан байна.

Багийн ахлагч Икер Касильяс гартаа аваргын цомоо атгасаар онгоцноос хамгийн түрүүнд гарч ирсэн бөгөөд түүний араас багийн нөхөд нь цуварсаар бууж ирсэн гэнэ. Онгоц Гринвичийн цагаар 14.00 цагт Мадрид хотын Barajas нисэх онгоцны буудалд газардаж, буудлын хэдэн зуун ажилчид улсынхаа туг далбааг намируулан, “Аваргууд” хэмээн уухайлан угтаж авчээ. Гадаа +40 хэм хүртэл халж байсан учир шигшээ багийнхан онгоцны буудлаас шууд автобусанд суугаад зочид буудал руу явцгаасан гэнэ. Испанийн эзэн хаан Хуан Карлос эмч мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу биеийн байдлын улмаас Йоханнесбург хотноо болсон финалын тоглолтод биечлэн очиж чадаагүй бөгөөд баатарлаг гавьяа байгуулсан тамирчдаа эх орондоо ирсний дараахан нь хүлээн авч уулзжээ. Эзэн хааны ордонд болсон хүндэтгэлийн уулзалтын үеэр Хуан Карлос тоглогчдод хандан “Та нар бол шинэ залуу үеийнхний үлгэр дуурайл. Та нар бид бүхний хамгийн агуу хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа” гэжээ.

Харин дараа нь тоглогчид ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеротой уулзсаны дараа задгай автобустай гудамжаар аялж, мянга мянган хөгжөөн дэмжигчтэйгээ уулзсан байна. Шигшээ багийн тоглогчид энэ үеэр урд талдаа “дэлхийн аварга”-ыг тодотгосон зураг бүхий футболк өмсч, улсынхаа далбааг намируулан, хөгжөөн дэмжигчидтэйгээ мэндлэн, асар том дуу өсгөгчөөр хөгжим эгшиглэж байв. Автобустай аяллын парад Мансанарес мөрний хөвөөнд тусгай зассан тайз хүрээд өндөрлөж, тэндээс үзэгч, хөгжөөн дэмжигчдийг цэнгүүлэх баярын үдэшлэг эхэлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж