WLF: Алберт Краус ялагдав

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

WLF: Алберт Краус ялагдав

Тулааны спортын шинэ мэдээллээс хүргэж байна.

 

Японы тулаанчид ялалт байгуулав

Олон улсын түвшинд мэргэжлийн халз тулааныг зохион байгуулж, нэр хүндийг олсон гурван томоохон тулаан буюу Японы “К-1”, Хятадын “WLF” болон “Kunlun flight”-ууд өнгөрсөн сард урд хөршид боллоо.

1993 оноос К-1-ийн тулаан зохиогдож эхэлсэн бөгөөд энэ удаагийн тулаан хоёрдугаар сарын 1-ний өдөр манай урд хөршид боллоо. БНХАУ-ын Хубэй мужийн Чангша хотын Хунан телевизийн танхимд зохион байгуулагч орны болон Японы багуудын халз тулаан болсон. Уг тулаанд ихэвчлэн шинээр гарч ирсэн тамирчдыг багтаасан бөгөөд эрэгтэй зургаа, эмэгтэй нэг жинд явагдсан юм. Тулаанд 4:3 онооны харьцаагаар Японы багийн ялалтаар өндөрлөв. Мөн энэ тэмцээний үзлэг, хяналт шалгалтыг Монголын кикбоксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанпүрэв хариуцан ажилласан юм. Монгол-Хятадын багийн К-1-ийн багийн тулааныг ирэх гуравдугаар сард зохион байгуулах талын гэрээ хэлэлцээрүүд энэ үеэр хийгджээ.

 

Алберт Краус ялагдав

WLF шигшээ тулаан нэгдүгээр сарын 31-нд БНХАУ-ын Чунгчинь хотноо боллоо. Тус холбооны аваргууд болох БНХАУ-ын И Лонг Лам Японы К-1-ийн тамирчин Ючихиро Нагашима нарын хооронд болсон юм. Энэхүү тулаан олны сонирхолыг их татаж байв. 2014 оны аравдугаар сард БНХАУ-ын Уйгар Шинжаны өөртөө засах орны Хоргос хотноо зохиогдсон тэмцээнд И Лонг лам Нагашимад нокаутаар ялагдаж, нутгийн хөгжөөн дэмжигчдээ гонсойлгож байсан юм. Тиймээс энэ тулаанд дахин хөгжөөн дэмжигчдийнхээ ялагдахгүй байх үүрэгтэй байлаа.

Тулаан сонирхолтой болж, нэгдүгээр үед хэн хэнийгээ хүнд цохилтоор унагааж амжсан ч эцсийн шийдвэр тэнцээгээр өндөрлөжээ.

Мөн энэ өдөр К-1 World Max тэмцээний хоёр удаагийн аварга Нидерланлын тамирчин Алберт Краус Хятадын залуу тамирчин Жоу Жипинг нарын тулаан болсон. Гэтэл Краус тэмцээнийг зохион байгуулагч орны залуу тамирчинд ялагдсан нь томоохон шуугианыг дэгдээв.

Алберт Краусын өнгөрсөн онд Бээжин хотноо зохиогдсон шилдэг наймын тулаанд Хятадын хоёр ч тамирчинг нэг өдрийн дотор нокаутаар ялж, WLF холбооны аварга цолыг аваад байсан юм. Харин тэрээр энэ жил Жоу Жипингд ялагдсан нь аварга цолоо алдахад хүрээд байна. Хятадын залуу тамирчны хувьд гар, хөлийн довтолгоон хүчтэй оновчтой болж, тэрээр ялалтыг авсан юм. Түүнийг ажиглагчид өндөр түвшинд бэлтгэгдсэнийг хэлж байсан.

 

 

Бэлтгэсэн: Mongol Fight

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж