Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ёкозүна Хакүхо М.Даваажаргалын шүүгчдийг шүүмжилсэн талаар шуугисаар байна. Нарийн дэг жаягтай сүмод шүүгч нарыг шүүмжлэх, тэр тусмаа мэргэжлийн сүмогийн оргил амжилтын эзэн шүүмжлэл хэлсэн нь япончуудын анхаарлыг гойд татаж, энэ талаар яригдсаар байгаа юм.
Хакүхо өнгөрсөн Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносатотой барилдахдаа хайн гэмээр унаж, шүүгч нар хэлэлцсэний эцэст дахин барилдуулахаар болсон билээ. Дахин барилдуулахад Хакүхо өрсөлдөгчөө илүүрхэн түрж гаргаснаар 33 дахь түрүүгээ хүртэж, сүмогийн оргил дээд амжилтыг эвдсэн. Харин Хацу башёгийн маргааш нь Хакүхо хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Би гэртээ очоод бичлэгийг давтаж үзсэн. Хүүхэд ч хараад намайг давсаныг ойлгохоор байхад яагаад дахиж барилдуулсан юм бэ? Би шүүгч нарыг илүү гярхай сайн ажиллах ёстой гэж бодож байна. Арьсны өнгө хамаагүй шүү дээ. Үсээ боогоод сумогийн дэвжээнд гарахдаа сумоч бүр япон зүрхээр барилддаг” гэж Хакүхо хэлсэн юм.
Үүний дараагаар Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми түүний хэлсэн үгийг шүүмжилж, ялангуяа “арьсны өнгө” хэмээх үг ихээхэн эмзэглүүлсэн талаар өгүүлсэн. Харин Хакүхо телевизээр ярилцлага өгөхдөө уучлалт гуйж, Китаноумитай утсаар ярихдаа мөн буруу үг хэрэглэсэндээ уучлалт эрсэн юм.
Хакүхогийн хэлсэн үгийн талаар сүмочдоос ямар бодолтой байгааг лавлахад зарим нь хариулахаас татгалзаж байжээ. Харин озэки Кисэносато “Би дэвжээн дээр гараад бүх чадлаа шавхаж л барилддаг” гэж хэлсэн байна. Харин озэки Гоэйдо “Энэ талаар надад хэлэх үг алга” гэжээ.
Тэгвэл нэрээ нууцлахыг хүссэн макүүчи зиндааны нэгэн сүмоч “Шүүгч л ялсан, ялагдсаныг шийддэг. Намайг дэвжээн дээр ялсан ч ялагдсан ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг байхаар үргэлж сургаж өсгөсөн” гэж хэлжээ.
Харин Кёкүтэнхо ёкозүна Хакүхогийн үгсийн талаар ярихдаа “Түүнийг би муу зүйл ярья гэж бодоогүй гэж бодож байна. Япон хэлний онцлог, үгийн утгыг заримыг нь бүрэн ойлголгүй хэлсэн тал бий байх” гэжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn