Засгийн газраас өргөн мэдүүлээд байсан Өрийн удирдлагын тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хууль санаачлагч нь эргүүлэн татжээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийх байсан ч ийнхүү хойшиллоо.
Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш гадны орон, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл, буцалтгүй тусламж авч ирсэн. Харин 2012 онд нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр дундаж орлоготой орны тоонд орж, арилжааны нөхцөлтэй зээл авах чадвартай орон гэж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас дүгнэсэн байдаг. Хэдийгээр дундаж орлоготой орны төвшинд хүрсэн ч арилжааны нөхцөлтэй зээл авах, түүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. 1991 оноос хойш авч ашигласан зээлийг зөвхөн Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулиар зохицуулж ирсэн аж. Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зохицуулалт нь шууд болон шууд бус байдлаар арав гаруй хуульд салангид байдлаар туссан байдаг. Тиймээс Өрийн удирдлагын бие даасан нэгдсэн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хуульд шинэлэг зохицуулалтууд нэлээд орсон бөгөөд өрийн хязгаар, түүний бүртгэл, тооцооллыг шинэчлэн тогтоожээ.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “улсын өр” гэсэн ойлголтыг тодорхойлж, бүтцийг нь зааж өгсөн. Үүнд хуульд зааснаар Засгийн газрын гадаад, дотоод өр, татварын урьдчилгаа төлбөр, баталгаа, орон нутгийн өр, төрийн болон орон нутгийн өмчит компанийн өр багтдаг. Гэвч энэхүү тодорхойлолт нь нэршлийн хувьд хувийн секторын өрийг оруулсан ерөнхий ойлголт учраас олон нийтийн дунд зөрүүтэй ойлголт үүсгэдэг байна. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулиар “Засгийн газрын өр” гэж шинээр тодорхойлж, хамаарах зүйлсийг нь нарийвчилж зааж өгчээ. Ингэснээр Монголд Улс шинээр зээл нэмж авах нөхцөл бүрдэнэ гэж үзэх хэсэг байгаа юм.
С.ОТГОН