З.Энхболд: Ураны лиценз олгохгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Ураны лиценз олгохгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Цөмийн энергийн газрыг татан буулгасантай холбоотойгоор тус агентлагийн хариуцаж байсан цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдох чиг үүргийг Ашигт малтмалын газар, цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэхтэй холбогдох асуудлыг Цөмийн энергийн комисс, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих үндсэн чиг үүргийг мэргэжлийн хяналтын байгууллага тус тус хариуцан ажиллахаар холбогдох хуулийн төсөлд тусгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд мэргэжлийн хяналт, хяналт тавьж ирсэн. Энэ хуулийн өөрчлөлтөөр хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллаггүй болох нь гэсэн асуудлыг хөндөв. Мөн тусгай зөвшөөрөл олгох эрхийг Уул уурхайн яаманд шилжүүлсэнээр цөмийн энергийн комиссын санал авахгүйгээр шууд шийдэх болж байгаа нь хэр зөв шийдэл юм бэ гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Хяналт тавих асуудлыг Цөмийн энергийн комисст шилжүүлж болно.  Тусгай зөвшөөрлийн тухайд хоёр хуваасан. Эрэх, ашиглах, тээвэрлэхийг Уул уурхайн яам хариуцна, цөмийн бодис болох хэсгийг Цөмийн комисс хариуцна” гэсэн хариулт өгөв.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Төрийн бодлогын залгамж чанар үгүй болсны илрэл нь Цөмийн энергийн газрыг татан буулгасан явдал. Олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн салбар бол цөмийн энергийн салбар. Гадаадынхантай харилцахад асуудал ойлгомжтой байх зорилгоор Цөмий энергийн газрыг тусад нь байгуулсан. Яаж ажилласан бэ гэдэг тусдаа ярих асуудал байх. Гэхдээ аюулгүй байдалтай холбогдох ийм чухал асуудлыг агентлагийг татан буулгах нэрээр чиг үүргийг нь хэдэн тийш салгаж саармагжуулж болохгүй” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын хувьд уран олборлолтыг хэсэг хугацаанд харзнах шаардлага бий. Яагаад гэвэл ураныг олборлоход ашигладаг хүхрийн хүчил нь аюулгүй гэдэг баталгааг өнөөдрийг хүртэл гаргаж чадахгүй байна. Ийм нөхцөлд бид харзнахаас аргагүй. Хоёрт, фукушимагийн станцад осол гарсны дараа дэлхий дахин цөмийн станцаас татгалзах болсон.

Гуравт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинээр ураны зөвшөөрлийг олгох шаардлагагүй гэсэн зөвлөмж гаргасан. “Арева” компанийн хувьд 2021 оноос олборлолтоо үргэлжүүлье, тэр болтол үнэ өсөхгүй учраас Монголоос олборлох уран ашиг өгөхгүй гэж үзсэн учраас Цөмийн энергийн газарт хийгээд байх ажил байхгүй гэж хэлж болно.

Хийх ажилгүй байхад Цөмийн энергийн газарт тийм олон хүн ажиллах шаардлагагүй. Дэлхий дээр аюулгүй станц бий болсон нөхцөлд, хүхрийн хүчил аюулгүй гэдэг нь батлагдсан нөхцөлд Цөмийн энергийн газрын асуудлыг дахин авч үзэж болох юм гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж