УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь зээлийн хэлэлцээрийг дэмжсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн хүрээнд 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах аж. Түүгээр Дархан хотын бохир усны менежмэнтийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ. Зээлийг дамжуулан зээлдүүлэх зарчмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраар дамжуулж, Дархан-Ус сувгийн газарт шилжүүлэх аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Зээлийг аж ахуйн нэгж авч байгаа нөхцөлд орон нутгийн засаг захиргааг оролцуулахгүй шууд олгож болохгүй юу. Зээл эргэж төлөгдөхгүй болбол яах вэ. Эзэнгүй, хариуцлагагүй зээл авдаг байдлыг энэ мэт байдлаар хязгаарлахгүй бол болохгүй. Авсан зээлээ Дархан-Ус сувгийн газар графикийн дагуу буцаан төлж чадах уу” гэсэн асуултыг тавив.
Үүнд Сангийн дэд сайд С.Пүрэв ”Зээлийг Сангийн яам шууд өөрөө аж ахуйн нэгжид өгөх асуудлыг судлах шаардлагатай” гэсэн хариулт өгсөн бол Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны дарга н.Батжаргал “Тооцоо судалгаа хийгдсэн. Зээлийг эргэн төлөх чадвартай” гэсэн хариулт өгсөн юм.
Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд “Өрийн удирдлагын тухай хуулиар энэхүү зээл нь Засгийн газрын өрөнд хамаарах уу” гэв.
Сангийн дэд сайдын тайлбараар бол Монгол Улсын Засгийн газар өөрөө хэлэлцээр хийж авч байгаа төсөл тул Засгийн газрын өрөнд хамаарах юм байна.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ