&#34Залуу хүн зорилготой бол эх орон ирээдүйтэй&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

&#34Залуу хүн зорилготой бол эх орон ирээдүйтэй&#34

Батжавын Амарсанаа. Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн. Нягтлан бодогч бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, төрийн удирдлагаар Удирдлагын академи төгссөн. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг 30 оролцогчийн нэг.

-“Улс төрд шинэ манлайлагч” төсөл эхлээд хагас жил өнгөрлөө. Өнгөрсөн цаг хугацааг дүгнээд хэлээч гэвэл…?

-“Улс төрд шинэ манлайлагч” төслийг би анх зарлагдахад нь залуусын тоглож болох өрсөлдөөний ринг гэж харсан. Ингээд өөрийн амьдардаг СХД-ийнхээ нэн түрүүн шийдэл хэрэгтэй асуудлыг хөндөж шийдэл хайсан эсээ бичиж илгээсэн. Өнөөдөр шилдэг 30 оролцогчийн дунд багтаж төслийн дөрөвдүгээр шатанд хүрч ирсэндээ баяртай байна. Өнгөрсөн хугацаанд маш олон зүйлд суралцлаа. Онцлоод хэлбэл өөрийгөө ялахад суралцаж байна. Төсөлд 1700 залуу 1700 асуудалд шийдэл хайж эсээ бичсэн. Би үүнийг 1700 залуу өрсөлдсөн гэхээсээ илүү монгол залуу хүн бүрийн өмнө тулгамдсан асуудал байна гэж ойлгосон. Бид төрийн удирдлагын чиглэлээрх монголын хамгийн том сургууль Удирдлагын академид манлайллын хөтөлбөрт хоёр сар суралцлаа. Залуу хүнийг зөв нээх, хөгжүүлэх, төлөвшүүлэх үндсэн зорилготой EBI хүрээлэн, “Либерал хаус” бодлогын судалгааны хүрээлэн, сайн бүхний эхлэл UBS телевиз, Юнител групп, Хүннү эйр, Pepsi гээд олон байгууллагууд биднийг өдий хөгжүүлж, төлөвшүүлж авч явлаа. Анх мэдэхгүй байсан олон зүйлийг сурч, үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалтыг авлаа. Хэдхэн хоногийн дараа бид алс холын Америк оронд очиж номын дуу  сонсоно. Ер нь дүгнээд хэлэхэд залуу хүн бүрийн дотор нуугдаж байдаг хүсэл мөрөөдлийг нь сэрээж зорьсон зорилгыг нь том, зорих замыг нь өргөн болгож өгч байгаа төслийн багийнханд баярлалаа гэж хэлэхэд  багадна. Энэ олон хүний сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, зорилго санааг бид нийгмийн салбар бүрт манлайлагч болж харуулах ёстой гэж ойлгож байна.

-Төсөл дууссан ч залуус маш том зорилго тээж үлдэх нь. Амарсанаагийн тухайд?

-Төслөөс өмнө Амарсанаа бол зөвхөн өөрийгөө л боддог, өөрийнхөө асуудлыг шийддэг нэгэн байв. Харин одоо бол хүний амьдралын зорилго тэмүүлэл юу байх ёстойг ойлгосон. Ертөнцийг үзэх үзэл, хандлага маань 100 хувь өөрчлөгдсөн. Хүн бусдын төлөө явах ёстойг,  аливаа асуудалд эерэгээр хандаж хамтаараа шийдэх хэрэгтэйг, улс орны асуудал бол иргэн хүний асуудал гэдгийг ухамсарласан.

-Эхэндээ юу ч мэдэхгүй залуус улс төрд орж ирэх нь гэж шуугиж байсан шүү дээ?

-Аливаа зүйлийн мөн чанарыг ойлгоно гэдэг их чухал. Ойлгож чадсан хүнээс эерэг хандлага л гарна. Эхлээд “Улс төрд шинэ манлайлагч” нэрийг сонсоод л улс төрч болох нь гээд ойлгочихдог. Үнэндээ бол залуус энэ төсөлд оролцсон нь нийгэмд оролцоогоо нэмэгдүүлэх эрхэм зорилготой. Энэ залуус бүгд улс төрч болохгүй. Болох нэг нь байлаа гэхэд цаг хугацаа харуулна. Тийм учраас бидний хөндөж буй асуудал, хандаж буй хандлагыг эхэлж хараасай. Залуус асуудлыг хамтдаа яаж шийддэг, хийдэг гэдгийг бид бодитоор харуулж яваа. Өнгөрсөн оны 12 сарын 26 хүртэл төслийн шилдэг 90 залуу 4 багт хуваагдаж тодорхой хугацаанд төсөл хэрэгжүүлэх даалгавар өгсөн. Ингээд баг бүр өөр өөрийн үнэт зарчмыг хадгалсан маш сайн ажлуудыг хийж нийгэмдээ, иргэддээ хүргэсэн.

-Харин одоо 30 залуу юу хийж байна?

-Бид нэг баг болон нийгмийн салбар бүрт асуудал хөндөн ажиллаж байна. Гурав гурваараа нэг нэг асуудал-ажил хариуцаж авсан. Тодруулбал, шилэн дансны хуулийг мэдээлэх сурталчлах, хуулийн хэрэгжилт судалгаа шинжилгээ, хувь хүний манлайлах чадвар, хотын соёл, монголтой танилц гэх мэтээр.  хийж байна. Иргэн бүр хуулиа хэрэгжүүлбэл асуудал гарахгүй. Үүний зэрэгцээ залуус бид  хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах, сургалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож төрөл бүрээр шандас сорьж байна.

-Монгол төрийн түшээд, улс төр нийгмийн зүтгэлтнүүдтэй та бүхэн VIP уулзалт хийдэг. Залуу хүний хувьд барьц алдсан тохиолдол байв уу?

-Байлгүй яахав. Тэгээд дахиж алдахгүй гээд алдаанаасаа бас суралцаж байна. Тэр мундаг том удирдагч нартай уулзахад тодорхой мэдлэггүй, бэлтгэлгүйгээсээ болж  үнэтэй богино цаг хугацааг ашиглаж чадаагүй ганц нэг уулзалт бий. Харин одоо VIP уулзалтад бүх талаараа маш сайн бэлддэг болсон.

-Ижил гараанаас тэгш боломжоор өрсөлдсөөр өнөөдөр 30 залуу тунаж үлдлээ. Ямар чанар тань таныг энд авч ирэв?

-Миний ясны чанар бол аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Энэ миний асуудал, миний хийх ёстой ажил, оролцох ёстой шүү гэсэн чин  сэтгэл минь шилдэг 30-д үлдэхэд хүргэсэн болов уу. Би асуудал, шийдэл бүрт өөрийн гэсэн сэтгэлээр ханддаг. Эхэлсэн бол дуусгадаг зарчимтай.

-Ажил амьдралаа хэрхэн зохицуулж байна?

-Залуу хүн зорилготой бол эх орон ирээдүйтэй гэдэг. Би өөртөө маш том зорилго тавьсан. Үүндээ хүрэхийн тулд өөрөөсөө илүү их хүч хөдөлмөр гаргахыг шаардлагатай болсон. Аливаа зүйлийг эхлүүлж амжилтад хүрэхэд золиос хэрэгтэй.  Яаманд бодлогын чиглэлийн ажил хийдэг учраас төрийн ажлыг цалгардуулж болохгүй тийм болохоор орой ажил дээрээ сууна. Энэ бүхнээ багийнхандаа, гэр бүлдээ зөвөөр ойлгуулна. Эхнэртээ төслийн зорилго, чиглэл өөрийнхөө үзэл санааг ойлгуулж бие биенээ хүлээцтэй хандсаны үр дүнд өдий хүрлээ. Бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Цаашаа хэддүгээр шат хүртэл явах бол?

-Хүн юу бодно түүндээ хүрдэг гэдэг. Шилдэг 30 бол миний наад захын алхам байсан. Надад тоглох боломж олгосон энэ цаг хугацааг алдахыг хүсэхгүй байна. Харин ч илүү их өөрийгөө хурцалж илүү боломж байгааг олж харлаа. Тийм болохоор энэ шатаар өөрийгөө хязгаарлахгүй. Цаашид өөрийгөө бүхий л хүч нөөц боломж мэдлэг оюунаа дайчлан эцсийн буудалд хүрнэ. 1700 залуусын үзэл санааг тээж улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд иргэн хүнийхээ хувьд оролцож явах болно.

-Төсөлд дэвшүүлсэн шийдэлийн тухайд?

-Хөдөлмөрийн яаманд хоёр жил ажилласан. Яам 2016 он хүртэл 150 000 ажлын байр бий болгоно гэсэн үндсэн зорилго тавьсан. Энд ажиллаж байсны хувьд ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгж иргэнийг дэмжих, иргэдийг ажилтай болгох зорилго тээж явсан. Үүнийгээ төсөлтэй уялдуулан СХД-ийн Хархорин захын эргэн тойрон гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдэд судалгаа хийсэн. 2000 оноос хойш өөрөө өөртөө ажлын байр бий болгоод амьдралаа аваад явж 45-60 насны олон хүн энд мэргэжлийн хяналт, цагдаа хороонынхонд байнга хөөгдөж амьдралаа залгуулж явна. Манай зарим хуулийн заалт иргэддээ харшилдагийн тод жишээ энэ юм. Амьдралд хэрэгждэггүй хөрсөн дээр буудаггүй тийм хуулийн заалтаар түрий барьж иргэдийг хохироодог. Хүмүүсийн нөхцөл байдал цаг үеэ бас мэдэрч ажиллах хэрэгтэй юм. Би энэ хүмүүст худалдаа эрхлэх нөхцөл боломжоор хангаж өгье тоос шороо нар салхинаас хамгаалсан саравч бариад өгье гэсэн. Тэнд хэрэглэгч байгаа учраас тэд арав гаруй жил халуун хүйтэнд зогсож байна. Би ч гэсэн орой гэртээ орохдоо тэднээс ногоогоо авдаг. Дүүрэг хорооны засаг дарга нартай уулзсан. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр шийдэх боломжтой гэж бодож байгаа. Магадгүй энэ хүмүүсийг хоршооны зохион байгуулалтад оруулаад орчныг нь шийдээд өгчихвөл урам зоригтой төрдөө итгэх итгэлтэй амьдрах болно. Ирээдүйгээ огт өөрөөр харна. Би монгол улсаа энэ байдлаар нь олон жил төсөөлөхгүй байна. Хүн болгон өмч хөрөнгөтэй амьдрал нь баталгаатай эрүүл саруул сайхан амьдарна.

-Үүнд таны оруулах хувь нэмэр?

-Миний  чин сэтгэл. Аливаа зүйлд хандах хандлага өөрийн гэсэн үзэл бодолдоо хөтлөгдөж тулгамдаж буй асуудал бүрт хойшоо суухгүй урагшаа тэмцэх хүсэл. Шийдлээ хүлээсэн асуудал бүрт саад тотгор бий. Тэр бүхэнд шантрахгүй урагшлах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.manlailagch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж