Хөл нүцгэн дээрэмчин: баатар уу гэмт хэрэгтэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Хөл нүцгэн дээрэмчин: баатар уу гэмт хэрэгтэн үү?

Хөл нүцгэн дээрэмчин буюу “Barefoot Bandit” “Facebook”-т 80,000 гаруй фентэй бөгөөд тэд түүнийг орчин цагийн Jesse James гэж боддог. Харин цагдаа нар 19 настай Colton Harris-Moore-ийг ердөө л гэмт хэрэгтэн гэж үзэж байна. Харрис-Мүүр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрэн сурвалжлагдсан нь яг л Холливудын кинон дээр гардаг шиг үйл явдал болсон. Үнэндээ түүний энэ адал явдлаар нэг студи кино хийж байгаа. Харин өнөөдөр мягмар гаригт шүүхийн өмнө очих түүний хохирогч нар болон цагдаа нар түүнийг алдаршуулаад байх зүйл байхгүй гэж бодож байна. “Кольтон шиг тийм сэтгэхгүйг та нар хэзээ ч хорьж чадахгүй” гэж түүний нэг фен Фейсбүүкт бичсэн байна. Өнгөрсөн ням гаригт Кольтон хурдны завиар Бахамасд хөөцөлдөж байгаад баригдсан юм.

“Яагаад хүмүүс түүнийг ингэтлээ сонирхоод байгааг би зарим талаар ойлгож байна. Гэхдээ хэрвээ сайн бодож үзвэл тэр бол ердөө л гэмт хэрэгтэн гэдгийг ойлгох болно. Түүнийг баатар юм шиг ойлгож байгаа хүмүүс зөвхөн өнгөн хэсгийг нь л харж байна” гэж Харрис-Мүүрийг хэдэн жил мөшгөсөн шерифф Билл Каммингс ярьж байна.

6 фут, 5 инч өндөртэй (196 см), ахлах сургуулиа хаясан түүнийг ганц бие эх нь Вашингтон мужийн Камано аралд, трейлэр /машины чингэлэг/ дотор өсгөсөн. Түүнийг багаасаа амьдралын ороо бусгаа зүйл их үзсэн гэж Вашингтон мужийн “The Herald” сонины даваа гаригийн дугаарт бичжээ. Түүнийг жижигхэн хүүхэд байхад нь ангийнхан нь түүнийг “Клепто Кольт” гэж дууддаг байсан гэж Оркас арал дээр амьдардаг сэтгүүлч Боб Фриел бичжээ. Хүүхэд байхаасаа Кольтон Хүүхэд хамгааллын үйлчилгээг олон дуудуулдаг байсан гэнэ. Фриел одоо Кольтоны амьдралаар ном бичиж байгаа юм байна. Харрис-Мүүр жижиг зүйлээс өөрийн гэмт хэргээ эхлүүлсэн гэнэ. Тэрээр дэлгүүрээс бараа нууцаар авч гарж, айлын гэрт зөвшөөрөлгүй ордог байсан гэж цагдаагийнхан ярьж бйана. Тэр ойд амьдардаг байсан бөгөөд зарим гэмт хэргийн газраас түүний нүцгэн хөлийн мөр үлдсэн байдаг тул түүнийг хөл нүцгэн гэж хочилдог болсон гэнэ. Нэг мөрдөн байцаагч түүнийг “зэрлэг хүүхэд” гэж ярьдаг байсан аж. Камано арал дээр дэлгүүр ажиллуулдаг Хелем Симмонс “CNN” агентлагт Харрис-Мүүр дэлгүүрээс нь бараа хулгайлдаг байсан тухай ярьсан бөгөөд тэр “үхрийн мах, шарсан төмс, чипс, хүнс” хулгайлдаг байсан, харин хэзээ ч “пиво, вино авч байгаагүй, дан хүнс л авдаг байсан” гэж ярьжээ.

Тэр энэ чигээрээ, хэний ч анхааралд өртөөгүй өсвөр насны гэмт хэрэгтэн хэвээр үлдэж болох байсан. Гэвч тэрээр огтхон ч онгоц жолоодох сургуульд суугаагүй мөртлөө онгоц хулгайлж нисээд, ослын буулт хийлгэж аваарын байдалтай газардсаны дараа америкчуудын анхааралт өртсөн. “Нис, Кольт, Нис” хэмээн нэг фен нь түүний Фейсбүүкт бичжээ. Энэ үгийг зарим нь подволкон дээрээ бичсэн байна. Дуу зохиогчид түүний тухай дуунууд зохиосон. “Time” сэтгүүл “Америкийн эрэн сурвалжлагдаж байгаа алдарт өсвөрийн дээрэмчин” гэсэн гарчигай өгүүллэг нийтэлсэн. Харин “People” сэтгүүл түүний намтрын талаар бичин түүнийг нэг ёсондоо сөрөг талын алдартан болгож хувиргасан.

Түүний онгоцоор ниссэн түүхийг харуулсан “Taking Flight: The Search for a Young Outlaw” хэмээх нэртэй кино хийгдэж байгаа юм. Хүү нь баривчлагдах явцад хэн ч бэртэж гэмтээгүйд баяртай байна гэж ээж нь даваа гаригт мэдэгдэл гаргасан байна. “Би хүүтэйгээ үг солилгүй хоёр жил хагас болж байна. Түүнийг маш их санаж байна. Удахгүй түүнтэй уулзана гэж итгэж байна” гэж ээж нь ярьжээ. Ээж нь мөн  хүүдээ өмгөөлөгч авсан хэдий ч Харрис-Мүүр нэгэнт насанд хүрсэн тул хэнээр өмгөөлүүлэхээ, өмгөөлөгч авах эсэхээ өөрөө шийдэх болно. Харрис-Мүүрыг баривчлах тогтоол 2008 онд гарсан ч тэрээр баригдалгүй өдий хүрсэн байна. Холбооны Мөрдөх Товчоо түүнийг барьсан хүнд шагнал амалсан боловч үр дүн багатай байжээ.

Саяхныг хүртэл тэр гэртээ ойрхон Нортвэстэрны ойд нуугдаж байсан бололтой. Түүнчлэн нэг бол завиар эсвэл онгоцоор л хүрч болдог эртний индиануудын нутагт мөн байсан бололтой. Вашингтон мужаас гадна түүнийг Орегон, Идахо, Өмнөд Дакота, Индиана болон бусад мужуудад очиж байсан байж магадгүй гэж таамаглаж байна.

Харрис-Мүүрын нэр алдар түгсэн нь түүнийг баригдахад нөлөөлсөн. Одоо түүний Фейсбүүкт байгаа зургийг тэрээр хулгайлсан Мерседес машиндаа үлдээсэн нэг камераас цагдаа нар олсон юм. Ням гаригийн шөнийн 02 цагт тэрээр Харбор Айландын амралтын газар ирэхэд нь хамгаалагч түүнийг Харрис-Мүүр байна гэж таньсан. Түүнийг мөрөндөө буу үүрчихсэн, мөн үүргэвчтэй байсан гэж амралтын газрын менежер Анне Уорд ярьж байна. Хамгаалагч түүнийг зогсоох гэж оролдоход Харрис Мүүр өөр завин дээр үсэрч гараад зугатахаар оролдсон. Харрис завиар зугатах гэж оролдсон боловч гүнийг нь буруу тооцоолсны улмаас завь хайргадсан байна. Энэ үед амралтын газар байсан хүмүүс энд тэндээс юу болж байгааг харахаар цугласны улмаас олон хүн болсон гэнэ. Харрис компьютерээ усруу хаяад буугаа толгойруугаа чиглүүлсэн. “Тэр өөрийгөө алах гэж байсан бөгөөд цагдаа нар түүнийг ятгаж байж болиулсан” гэж Уорд ярьж байна.

Харрис Мүүр 10 настайгаасаа дүрсгүйтэж эхэлсэн бөгөөд төд удалгүй хулгай хийж эхэлсэн. 12-тойд нь түүнийг дэлгүүрүүдээс хулгай хийж байна гэж буруутгаж эхэлсэн бөгөөд түүнийг сургуульдаа гал тавьж, дэлгүүрийн хогшил сүйтгэсэн гэж буруутгаж байгаа талаар орон нутгийн хэвлэлд бичжээ. 2006 онд тэр хулгай хийсэн гэдгээ хүлээсэн бөгөөд хүүхдийн эрх зүйн төвийн шүүхэд дуудсан ч тэрээр очилгүй зугатан, айлуудыг түйвээсэн байна. Дараа нь түүнийг баривчлан хүүхдийн хорих газар гурван жил хорих ял оноосон бөгөөд тэндээс Харрис-Мүүр 2008 онд оргосноосоо хойш цагдаа нараас зугатсан гэнэ.

Түүний фенүүд түүнийг жүжигчин Леонардо ДиКаприогийн тоглосон “Catch me if you can” киноны Френк Абагнейлтэй зүйрлүүлдэг. “Тэр нийгэмдээ сэтгэл хангалуун биш байгаа, зөвхөн өөрийгөө бодож, бусдыг үл бодсон Америкчуудын илэрхийлэл болсон. Тэр ноцтой, хүч хэрэглэсэн гэмт хэрэгтэн болж болох байсан авч тэр тэгээгүй. Тэр бусдын анхаарлыг татахыг хүсэж байсан” гэж гэмт хэрэг судлаач, Вэстэрн Коннектикут мужийн их сургуулийн профессор доктор Кесей Жордан ярьж байна.

Түүнийг орчин цагийн Робин Гүд хэмээн жишиж байгааг зарим хүмүүс үгүйсгэж байна. “Түүнийг манай дэлгүүрт ирэх үед бид ямагт үүнийг анхааралтай хардаг байсан. Тэр чихрийн хэсэгт зогсчихоод намайг өөрийг нь харж байгаа эсэхийг ажигладаг байсан. Мэдээж бид түүнийг цаг ямагт ажигладаг байсан” гэж Вашингтон мужид дэлгүүр ажиллуулдаг Жош Фликнер “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж