“Шударга ёс” эвсэл шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл шаардлага хүргүүллээ

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Д.Тэрбишдагва нар хийсэн юм. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж, мэдэгдэл хүргүүлж байгаагаа дуулгалаа. Уг мэдэгдэлд “УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс дараах асуудлаар мэдэгдэл гаргасныг үүгээр хүргүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс үүрэн холбооны хэрэгслээр санал авах болсноо зарлалаа. Таны санал болгож буй ямар нэг хувилбаргүй, тулган шаардсан асуулт бүхий энэхүү санал асуулга нь иргэд, олон нийтийн хүсэл зорилгод харшилсан, монгол хүн байгалийн баялагтаа эзэн суух эрхийг хасах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж үзэж МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийн бүлэг эрс эсэргүүцэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та эдийн засгийг хямралаас гаргаж, улс орноо хөгжлийн замд хөтлөх үүрэг хүлээж тангараг тавьсан Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү зохиомол дүн гаргасан санал асуулга болон төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халах бусармаг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож нийт ард иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ. Түүнчлэн улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ үеийг далимдуулан улс төрийн шалтгаантайгаар төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг халах, албан тушаалын наймааг хөхүүлэх, бохир мөнгө босгох хэрэгсэл болгон хавтгайруулж байгааг шүүмжилсэн байна.

Дээрх мэдэгдлийг танилцуулсны дараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Өнөөдрийн байдлаар хичнээн төрийн албан хаагч цомхотголд өртөөд байгаа бол?

“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ: Шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд 50 гаруй хүн ажлаасаа халагдаад байна. Бид төрийн мэргэшсэн албан хаагчдыг бүртгэхэд дээрх тоо гарч байгаа юм.

-Санал асуулгын хувилбарыг яагаад тодорхой бус гэж үзэж байна вэ?

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Санал асуулгыг явуулж, иргэдийн санаа бодлыг судалж болно. Гэхдээ үүнд учир битүүлэг зүйл байна. Хөгжлийн замаа сонгоход Оюутолгойн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, зардлаа бууруулж хэмнэх гээд аль аль нь байх хэрэгтэй. Ямар арга замаар өгөөжтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн гол. Хэр үр дүнтэй санал асуулга вэ гэдэг нь эргэлзээтэй.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж