“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, өмгөөлөгч Ж.Эрдэнэбулганы зургаар нүүрээ гоёсон “Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдынхаа гар дээр очлоо.

“Хуульч news” ТББ-аас эрхлэн гаргадаг тус сэтгүүлийн энэ дугаарын зочноор эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч соён гэгээрүүлэгч Лувсандамбын Дашням уригдаж хүний явдал, гэм бурууг дэнсэлдэг хүнийг харж байдаг “хүн мүсний тэнгэр”-ийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Эдийн засаг хямарч хаа сайгүй хэмнэлтийн тухай ярьж буй өнөө үед заавал гарах албагүй нэгэн зардал болох давхар цалингийн тухай асуудлыг тус сэтгүүл хөнджээ. Өндөр албан тушаалтан хэн нэгнийг ажлаас халдаг. Халагдсан хүн шүүхэд хандаж заргалдаад заргаа авахад үндэслэлгүй халагдсан хугацааны цалингаа эргүүлэн авах болдог.

Харин заргаа авсан эрхмийг ажлаас нь халсан албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүс хөдөлмөрийн харилцаатай холбоотой гаргаж байгаа шийдвэрийнхээ хариуцлагыг яаж хүлээдэг вэ гэдгийг эрх зүйн талаас нь зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа тухай баримт дурдаж бичсэн “Давхар цалин” нийтлэл уншигчдын сонирхлыг татах нь мэдээж.

Насны доройтол буюу зөнөсөн, эсвэл хүнд өвчний улмаас биеийн болоод сэтгэлийн их зовлон шаналлыг амсч буй хүмүүс залуу хойч үедээ саад болохоос сэргийлэх, гэтлэшгүй хүнд өвчин шаналлаасаа ангижрах зорилгоор өөрийн хүсэлтээр “бурхан болдог” уламжлал, хууль ёсны зохицуулалт дэлхийн олон улс оронд байдаг. “Бусдын дэмжлэгтэйгээр амиа хорлох” буюу “Үхэх эрх”-ийн талаар хуульч, эмч М.Цэрэнбатын өгүүллийг та энэ дугаараас унших боломжтой.

Мөн дэлхийн шилдэг хуулийн 20 фирмийн тунилцуулга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаагийн бага насны хөгжилтэй түүх, өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гавьяат хуульч Н.Төрбатын тухай нандин дурсамж энэ дугаарт багтсан байна.

Египтэд бэлхүүсний бүжиг хийдэг хүүхнүүдэд оноосон тусгай татвар байдаг бол Хятадын Тяньжин хот гэр бүлээ батлуулаагүй атлаа хамтран амьдарч буй хүмүүсээс “нүглийн татвар” авдаг байна. Татвартай холбоотой энэ мэт сонин хачин баримтуудыг та энэ дугаараас уншаарай.

“Хуульч news” сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр борлуулж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж