ДАШТ-ий аваргын төлөө тоглолт явагдаж байх үеэр Африкийн Уганда улсын нийслэл Кампала хотод алан хядагчид хоёр ч бөмбөг тэсэлж олон хүний аминд хүрлээ. Лалын хэт даврагч үзэлтнүүдийн тэсэлсэн бөмбөгөнд 74 хүн амиа алдаж олон арван хүн шархадсан байна. Алан хядагчдын дайралтад өртсөн хүмүүс ДАШТ 2010-ийн шигшээ тоглолт буюу цомын төлөөх Испани-Голландын багуудын тоглолтыг үзэж байжээ. Тэсрэх бөмбөг нь Кампала хотын регби клуб болон Этиоп үндэстний зоогийн газарт байсан хүмүүсийг ийнхүү гэмтээсэн байна.
Алан хядлага үйлдсэн хариуцлагыг лалын хэт даврагч Аль Шабаб бүлэглэл хүлээж байгаа гэнэ. Энэхүү бүлэглэлээс гаргасан мэдэгдэлд энэ дайралтыг хийсэн болоод хүний аминд хүрсэн явдалд сэтгэл хангалуун байгаа хэмээн дурджээ. Мөн тэд ийм халдлага хийх болсон нь Сомалид үүрэг гүйцэтгэж байгаа тус улсын энхийг сахиулагчдыг гарахыг шаардаж байгаатай холбоотой гээд хэрэв Сомалиас цэргээ гаргахгүй бол алан хядлагыг үргэлжлүүлэх болно гэсэн байна. Алан хядлага үйлдсэн Аль Шабаб бүлэглэл Талибанийн салан тусгаарлагчидтай холбоотой гэх мэдээлэл байгаа талаар ВВС агентлаг мөн мэдээлж байна.
М.Наст