УИХ-ын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийн шинэ бүтээл болох "Монголоо таниулъя" номын нээлт өнөөдөр Интерном номын дэлгүүрт боллоо. Номын нээлтэнд Улсын их хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцов.
"Монголоо таниулъя" ном нь зочноо ойлгож үйлчлэх ухаан, аялал жуулчлалын зах зээлийн хуваарилалт зэрэг багц мэдээллийг багтааснаас гадна Үндэсний наадмаа тайлбарласан нийтлэлүүдийг англи хэлээр хөрвүүлэн гаргасан байна. Мөн энэхүү ном нь аялал жуулчлалын үйлчилгээг зөв хөгжүүлэхэд түлхэц үзүүлэхүйц эх сурвалж болж буй төдийгүй, тус салбарыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог өргөн хүрээтэйгээр нэмэгдүүлэх боломжийг олж харж, арга замуудыг нь нарийн тодорхой тусгаж чадсан бүтээл болсон юм.
УИХ-ын гишүүн, зохиогч Ц.Оюунгэрэл нь "Америкт суралцсан тэмдэглэл", "Миний ажлын ноу-хау", "Гэрт болсон яриа", "Ногоон нүдэн лам" зэрэг бүтээлүүдийг гаргаж байсан билээ.
Б.БИЛГЭЭ