Мексикийн Булангийн цооногыг дахин бөглөлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Мексикийн Булангийн цооногыг дахин бөглөлөө

Дөрөвдүгээр сарын 20-ноос хойш Мексикийн булангийн далайд газрын тос цутгаж байгаа цооногийг бөглөх шинэ бөглөөс суурилууллаа гэж “Бритиш Петролеум” компани мэдэгдлээ. Шинэ таг газрын тос далайд цутгаж байгааг бүрмөсөн зогсоох болно гэж тус компани найдаж байна. “Бритиш Петролеум”-ын робот төхөөрөмжүүд 18 фут урттай, 150,000 паунд жинтэй тагийг цооногны дээр байрлуулж байгаа бичлэгийг далайн гүнээс дамжуулсан бөгөөд маш бага газрын тос тагны хажуугаар гарч байгаа нь бичлэг дээрээс харагдаж байлаа. Хэрвээ таг сайн үр дүн өгөхгүй бол ялгарсан тосыг далайн мандал дээр гарч ирэхэд нь хамж авах хөлгүүд хүлээж байгаа. “Энэ үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгааг мягмар гаригийн өглөөнөөс эхлэх тестүүдээр хэмжиж мэдэх болно. Тестүүд зургаан цагаас хоёр өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ” гэж “CNN” агентлаг дамжуулж байна.

“Бритиш Петролеум” даваа гаригийн үдэш гаргасан мэдэгдэлдээ “Тест хийх явцад газрын тос далайд цутгахгүй байж магадгүй. Энэ нь гэхдээ газрын тос цооногоос гарч байгаа нь бүрмөсөн зогссон гэсэн үг биш байж болохыг анхаарах хэрэгтэй” гэж мэдэгдэв. Туршилтын тестүүдийн үр дүнг “Бритиш Петролеум” өөрөө нягталж үзэхээс гадна АНУ-ын засгийн газрын бусад агентлагууд мөн хянаж үзэх болно. Хэрвээ шаардлагатай бол тестүүдийг илүү удаан хугацаагаар хийнэ гэнэ. Газрын тос алдагдаж байгаа үйл ажиллагааг холбооны зүгээс ерөнхийд нь зохицуулж байгаа хүн болох Эргийн харуулаас чөлөөндөө гарсан адмирал Тад Аллен эрдэмтэд цооногны дотор талын даралтыг хэмжиж үзэх замаар таг газрын тосыг тогтоож чадаж байна уу эсвэл нэмэлт үйл ажиллагаа хэрэгтэй байна уу гэдгийг тодорхойлох болно гэж ярьжээ. Түүнчлэн цооногон дотор хидрат хуримтлагдахгүй байхад анхаарах хэрэгтэй гэж “Бритиш Петролеум”-ын үйл ажиллагааны ажилтан Дуг Саттлес ярьж байна.

Хэрвээ бүх зүйл амжилттай болсон бол таг газрын тосыг бүрэн хэмжээгээр тогтоон барих болно. Тэгсэн ч гэсэн хэрэвзээ далайн мандал дээрээс газрын тос хамах үйл ажиллагааг явуулах хэрэгтэй бол ирэх хоёроос гурван долоо хоногт өдөрт 60,000-80,000 баррель газрын тосыг далайн мандал дээрээс хамж авч болно гэж “Бритиш Петролеум”-ын ахлах дэд ерөнхийлөгч Кент Уэльс ярьсан.

Хуучин тагийг нь солих үед газрын тос цооногоос олгойдон гарч байсан юм. Тус цооногоос өдөрт 35,000-60,000 баррель газрын тос далайд цутгаж байсан гэж эрдэмтэд тооцоолж байгаа. Одоо газрын тос далайн мандалруу гарсан ч гэсэн өмнөхтэй харьцуулбал илүү их нөөц, хүн хүчээ энд төвлөрүүлсэн гэж “Бритиш Петролеум” үзэж байна. Даваа гаригт газрын тос хамагч “Helix Producer” хөлөг Мексикийн буланд хүрч ирэн энд явуулж байгаа үйл ажиллагаанд оролцож байгаа “Q4000” хөлөг дээр хүч нэмэхэд бэлэн болоод байна.

Хэрвээ цооногыг бүрэн таглаж чадсан бол “Q4000”, “Helix Producer” нар ажлын ачаалал багатай болох болно. Хоёр хөлөг өдөрт 33,000 баррель газрын тос шүүж авч чадна гэж багийнхан нь ярьж байна. Энэ бүхэн ойрын 48 цагийн дотор хийх тестүүдийн үр дүнгээс мэдэгдэх болно. Үүний хажуугаар “Бритиш Петролеум” компани үндсэн цооногоос 5 фут зайд /1.5 метр/, 30 футын өндөрт шинэ цооног өрөмдөж байгаа. Мексикийн Буланд цооног таглах үйл ажиллагаа явагдаж байх зуур АНУ-ын Дотоод хэргийн департамент гүний уснаас газрын тос, байгалийн хий олборлохыг хориглосон хориг даваа гаригт дахин гаргасан байна. Уг шийдвэрийг өрөмдлөгийн компаниуд болон Ардчилсан намын дээгүүр албан тушаалтнууд эсэргүүцэж эсэргүүцлээ илэрхийлээд байна. Дээрх хориг нь “ард иргэдийг, далайн эргийг, байгаль орчинг” хамгаалахын тулд боловсруулагдсан бөгөөд гүний өрөмдлөг, олборлолттой холбоотой эрсдлийг бууруулах ач холбогдолтой гэж засгийн газар үзэж байгаа. Энэ хориг 2010 оны 11 сарын 30 хүртэл хүчин төгөлдөр байх болно гэж Дотоод хэргийн департаментын Төрийн нарийн бичгийн дарга Кен Салазар ярьжээ.

Өмнө нь Барак Обамагийн засгийн газар мөн зургаан сарын хугацаартай хориг тавьсан ч Нью-Орлеансын шүүгч түүнийг нь цуцалсан юм. Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын давж заалдсан хүсэлтийг дээд шатны холбооны шүүх авч үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталсан юм. Льюзиана мужаас сонгогдсон Ардчилсан намын Сенатор Мери Ландрию энэ хоригийг “шаардлагагүй, дутуу бодож боловсруулсан, Мексикийн булангийн иргэдийн эдийн засагт давхар хямрал авчирсан” үйл ажиллагаа гэж нэрлэсэн байна. Тэрээр “үүнийг хориг, хойшлуулалт гэж юу ч гэж нэрлэлээ гэсэн эцсийн үр дүнд нь олон мянган хөдөлмөрч Льюзианачууд ажлын байргүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж хохирч байна. Тиймээс би энэ хоригийг хурдан цуцлахыг шаардаж байна” гэж мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж